“Уран жиргээ-2019” наадамд 80 орчим хүүхэд оролцов

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-10-23 15:49:18

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар өөрийн эрхлэх үйл ажиллагааны хүрээнд жил бүр олон төрлийн тэмцээн уралдаан зохиодог. Хоёр жилд нэг удаа болдог “Уран жиргээ-2019” наадам энэ сарын 22, 23-ны өдрүүдэд болж 4-18 насны 80 орчим хүүхэд оролцон авьяас чадвараа сорин өрсөлдлөө.

Дэлхийн болон Монголын шилдэг хүүхдийн зохиол бүтээлийг олон нийтэд таниулах, хүүхдийг номонд дуртай болгох, номтой нөхөрлүүлэх, уран уншлагын урлагийг дэлгэрүүлэх, хүүхэд багачуудын авьяасыг хөгжүүлэх, хүүхдүүд бие биеэсээ харилцан суралцах гээд энэ тэмцээний зорилго, ач холбогдол их. Тийм ч учраас тэмцээнд оролцогчдын тоо, ур чадвар, бүтээл сонголт жилээс жилд чанаржиж байгааг шүүгчид онцолж байлаа.

Энэ жилийн тэмцээний гол онцлог нь бид анх тэмцээний удирдамжийн заалтаа илүү нарийн болгож, улсын тэмцээний удирдамжаа барихыг зорьж байгаа. Жишээлбэл урьд жилүүдэд нэг хүүхдийн шүлгээ унших хугацаа 5 хүртэлх минут байсан бол үүнийг 1-3 минут болгож багасгасан. Гурван минутад багтааж тухайн шүлэг, бүтээлээ шүүгч, үзэгчдэд хүргэнэ гэдэг оролцогчдоос багагүй ур чадвар шаардана. Ингэхээр үүнийгээ дагаад хүүхдүүдийн чанар ч сайжирч, яг удирдамжийнхаа дагуу бэлтгэлээ хангасан байна. Шүүгчдэд шүүхэд ч хялбар болж, тэмцээн сунжрах гэдэг зүйл үгүй болсон гэж аймгийн ГБХЗХГ-ын хөгжил, хамгааллын мэргэжилтэн Э.Оюунзул ярилаа.

Хэлсэнчлэн энэ жилээс эхлэн тэмцээнд багагүй өөрчлөлтүүд оржээ. Хэдий олон талын оч холбогдолтой ч бага насны хүүхдэд хүндрэлтэй байна гэх саналыг зарим  цэцэрлэгийн багш нар ярьж байлаа.

Холбоотой мэдээ