“Баруун бүсийн аймгуудын өрсөлдөх чадварын чуулган-2019” болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-23 17:24:57

Ховд /МОНЦАМЭ/. “Баруун бүсийн аймгуудын өрсөлдөх чадварын чуулган-2019” аравдугаар сарын 23-нд Ховд аймагт боллоо.

Баруун бүсийн Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн өрсөлдөх чадварыг хэлэлцэх, цаашид урт хугацаанд бодлогын түвшинд хамтран ажиллах боломжийг тодорхойлох, хөгжлийн төсөл хөтөлбөрийн уялдаа холбоог сайжруулах, төр, хувийн хэвшлийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд чуулганы зорилго чиглэж байв. 

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь 2012 оноос эхлэн аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа хийж, тайлан гаргаж байна. Тус судалгааны үр дүнд тулгуурлан жил бүр “Аймгуудын өрсөлдөх чадварын чуулган”-ыг зохион байгуулдгаараа онцлогтой.

Энэ удаагийн чуулганд БОАЖЯ, Олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллага, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын салбар, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн удирдах ажилтан, холбогдох мэргэжилтнүүдийн төлөөлөл 100 орчим хүн оролцож, харилцан санал солилцов.

Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа нь хот хөдөөгийн ялгаа, тэгш бус байдлыг арилгахад олон нийтийн анхаарлыг  хандуулах,  аймаг  бүрийн  хөгжлийн давуу, сул талыг  тогтоох, өрсөлдөх чадварын боломж, чадавхийг  үнэлэх  замаар  урт  хугацааны хөгжлийн бодлого боловсруулахад ашиглахуйц өргөн хүрээний мэдээллийн санг бүрдүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой гэж албаныхан хэллээ.

Аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлэхдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн бүлэгт багтах 180 орчим шалгуур үзүүлэлтийг ашигладаг аж.

Чуулганы үеэр баруун бүсийн аймгуудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх арга зам, аялал жуулчлал ба ногоон хөгжил, жижиг дунд  үйлдвэрлэлийг өргөжүүлэх боломжуудын тухай илтгэл хэлэлцэв. 

Энэ үеэр бүс нутагтаа эдийн засгийн тэргүүлэх ач холбогдол бүхий үйлдвэрийг олноор барьж байгуулах замаар иргэдийг ажлын байраар тасралтгүй хангах, цаашлаад хүний хөгжлийн үзүүлэлт, хөдөлмөр эрхлэлтээр тэргүүлэх нь чухал гэж албаныхан хэллээ. Мөн дэд бүтэц, аялал жуулчлал, газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд бүсчилсэн хөгжлийн бодлого, хамтын ажиллагаа чухал үүрэгтэй гэв. 

Ховд аймгийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, өсвөр үе, залуучуудын сурч боловсрох боломжийг өргөжүүлэх зорилгоор “Хүний хөгжил-Бүсийн хөгжлийн төлөө хамтдаа” уриалга гарган, тодорхой бодлого хэрэгжүүлж байна. 

Тухайлбал, баруун бүсийн эрчим хүчний системийн горимын тогтвортой ажиллагааг дээшлүүлэх, импортын эрчим хүчний хамаарлаас гарах  зорилтын дагуу  Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд  Усан цахилгаан станц  барьж байгааг онцоллоо. 

Мөн эко цемент, бага оврын нефть боловсруулах үйлдвэр, малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламж, хөдөө аж ахуйн агропарк зэрэг баруун бүс нутгийн  нийгэм,  эдийн засгийн хөгжилд  бодит  хувь нэмэр оруулахуйц томоохон бүтээн байгуулалт төлөвлөсөн гэж аймгийн Засаг дарга танилцууллаа. 

Энэ үеэр банкны зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах, дэд бүтцийг хөгжүүлэх замаар дулааны шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэх, орчны бохирдлыг арилгах, бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин ажиллаж үйлдвэрийн тоног төхөөрөмжийг  хил  гаалийн  хяналтаар  нэвтрүүлэх  татварыг  багасгах  зэрэг  нэлээд  саналыг оролцогчид хэллээ. 

Энэ удаагийн чуулганы үйл ажиллагааг аймгийн ЗДТГ, Конрад-Аденауэр сан, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ховд салбар зэрэг байгууллага дэмжин ажиллав.  

Холбоотой мэдээ