Мал маллагааны арга туршлагаас танилцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-29 10:47:56

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн зарим малчдын мал маллах туршлага, отроор малаа тарга тэвээрэг авахуулдаг арга барил, бэлчээр хэрхэн хуваарьтай ашиглаж ирсэн сургамж, цаг агаарын өөрчлөлттэй хэрхэн дасан зохицож амьдарч буй талаарх сэтгэгдлийг сурвалжиллаа.

                       

              А.Батжаргал: Эзэн хүн малдаа сэтгэл гаргавал мал өөрөө өсдөг сайхан буян шүү...


Алтай сумын Алтангадас багийн Монгол Улсын аварга малчин А.Батжаргал хэлэхдээ: Өнөө үед мал маллах их сайхан байна. Учир нь төр засгийн дэмжлэг, туслалцаа нээлттэй болсон. Бидний үеийнхэн ёстой бор зүрхээрээ амьдралыг туулж ирсэн. Эзэн хүн малдаа сэтгэл гаргавал мал өөрөө өсдөг сайхан буян шүү. Би 18 жил мал маллахдаа нутгийн буян хишиг хүртэж, уул усаа шүтэж  явдаг. Манай нутаглаж байгаа газар Алтай сумын отрын бүс нутаг. Баруун болон Их хавтаг, Тахь ус, Хонин ус зэрэг үзэсгэлэнт сайхан газар нутгаар мал маллаж байна. Өвлийн улиралд цас их орсон ч далд ордоггүй, шуурга шуурч мал идүүр алддаггүй байгаль өөрөө зохицуулж байх шиг санагддаг. Бид мал маллахын зэрэгцээ Монгол Улсынхаа хил манах  давхар үүрэг хүлээдгээрээ онцлогтой. Хилээ ч манана, малаа ч маллана, байгаль, ан амьтнаа ч хайрлана...

Дурсамж сөхвөөс, би 1999 оноос хойш мал маллаж  ирсэн бөгөөд 2000-2001 онд шилжих үед зудархуу өвөл болсон юм. Тэр үед манайх нэг ч малын гарзгүй байгалийн сайханд даван туулсан. Бас 2009-2010 онд болсон зуднаар манайх 60-70 ишиг хорогдуулж, өөр нэг ч малын гарзгүй 1070 малтай өвөлжөөд, хавар төл сайхан бойжуулж авсан. Тухайн үед төл мал авсан айл өрх манай нутагт бараг байхгүй. Зарим айл зудын аюулаар хоёр ишиг, долоон хургатай үлдэж хотоо харлуулсан айхтар зүйл болсон юм. Тэр жилийн зун нь манайх ямаа сааж сумын ард иргэдээ сүүгээр хангаж, ахмад настнуудын элгийг дэвтээж, талархлыг хүлээж байсан даа. 

Би 2008 онд сумын аварга малчин, 2011 онд аймгийн аварга, 2017 онд Монгол Улсын аварга малчин болсон. Би нутгийн буурлуудын малч ухаан, хичээнгүй зүтгэлээс их зүйл сурсан гэлээ.

Малчин хүнд Алтайн сүрлэг хайрхан, уулсын нөмөр нөөлөг их. Малчин хүн зуд зурхан болвол “Баянхайрхан сүрлэг алтай минь” гэж дээдлэн бодож хүндэтгэж явбал буян хишгээ хайрладаг учиртай.

Өглөөний цайны дээжийг уул, хангайгаа дээдлэн өргөж, арц уугиулна. Гэрийн үүдэнд гурван чулуу тавьж, Алтайдаа өвөг дээдсийн хийморьт залбирна. Энэ үед Алтай хангай надтай ярих шиг санагддаг. Байгальтай хамгийн ойрхон хүн бол малчин. Цасан шуурга шуурахад сан тавихад шамарга зогсох шиг болдог. Адуугаа тууж зусланд гаргачихаад буцаад тал руугаа давхиад явах үедээ Баянхангай Алтай дэлхий минь гээд залбирахад адуун сүрэг эсэн мэнд бэлчиж л байдаг. Байгаль, хүн хоёрын хооронд маш нарийн холбоо байна. Би усыг байнга рашаан гэж хэлдэг.  Хүүхдүүддээ ч тэгж сургадаг. Залуу малчид байгаль дэлхийгээ хайрлахын зэрэгцээ ахмад малчидтайгаа уулзан заавар зөвлөмж авч, түүнийгээ хэрэгжүүлж яваарай гэв. 

                         

                      С.Бадрах: Тэмээ цас зудтай үед бог малд зам гаргаж өгдөг


Үенч сумын Цагаан түнгэ багийн малчин С.Бадрах хэлэхдээ: Манай Үенч сум хоёр эгнээ автозамтай болж, одоо малчны хот айлд ирж малчдын үсийг засаж, эрүүл мэндийн  үзлэг оношилгоо хийж байна. Ер нь сэтгэл ханамжтай сайн цаг ирсэн юм биш үү.

Би суран эдлэл, эмээл, хазаар зэрэг малчдын хэрэгцээтэй бүхий л эд зүйл хийнэ. Төмөр бусад хаягдлаар худгийн насос хийдэг. Сум орон нутгаас 3 сая төгрөгийн санхүүжилт авч, төслийн дагуу олон зүйл хэрэгжүүлсэн. Манай сумын айл бүхэнд миний хийсэн зүйл бий. Зөвхөн үхрийн арьс элдэж идээнд оруулж болгоод зарахад л 15-200 мянган төгрөг болдог. Миний хувьд одоо шавьтай болсон.

Бидний аав, ээж захихдаа алаг адуу өсгөж болохгүй, алт ухвал амьдрал сүйрнэ гэж хэлдэг байв.

Манайх нийт 300 орчим км отор нүүдэл хийдэг. Зах зээл хүнийг техникжүүлж байна. Зарим малчид хэдэн малаа машинаас өгөөд байна. Гэтэл тэмээ бензин хэрэглэхгүй, нүүдэл суудалд түшигтэй унаа болж чаддаг. Машин цасанд боогдоод явахгүй газарт тэмээ л явдаг. Машин явж хүрэхгүй газарт тэмээ хүрдэг.

Их цас зудны үед тэмээ, адуу нь бог малд зам гаргадаг. Тийм учраас тэмээгээ өсгөж чадвал зуд зурханд автомашин, техникээс илүү ач тустай шүү гэдгийг малчиддаа захимаар байна гэж ярилаа.  

                         

                  Б.Мягмаржав:  Бид өөрөө ч эрүүл, өрөөлийг ч эрүүл хүнсээр хангая гэж  зорьдог


Мөст сумын Цэцэг гол багийн Аймгийн аварга малчин Б.Мягмаржав хэлэхдээ: Малчид бид өвлийг өнтэй давахын туд бэлчээрийг зөв ашиглах, малдаа хар мах суулгах, хадлан тэжээл бэлтгэх, муу малаа зарж борлуулах зэрэг зохион байгуулалт хийж, тоонд нь бус чанарт анхаарах хэрэгтэй.

Манайх Зүүн бэл, Баатарын нуруу гэх газарт өвөлждөг. Даянпан гэх газарт зусаж, отор нүүдэл хийдэг. Одоо өвсний сөл хөөж намаржаанд буусан. Сүүлийн жилүүдэд ургамлын гарц тааруу байна. Таана, шарилж, лууль, хөмүүл гэх мэт шим тэжээл багатай ургамал элбэг ургадаг.

Миний бодлоор бэлчээрийн даац их хэтэрсэн. Манайх 1200-1300 малтай. Сүргийн бүтцээ чанаржуулах, өвөлжөө, хаваржааг өнжөөх, их малтай байснаас цөөн чанартай малтай байя. Малаа 1000 дотор барья гэж тооцоолж байна.

Залуу малчиддаа зөвлөж хэлэхэд, Монгол мал эдийн засгийн гол хөшүүрэг. Ийм учраас мал эрүүл байх, малчин хүн өөрөө эрүүл байх нь чухал. Малчин хүн өөрөө өвдвөл мал өвдөхөөс ч хэцүү. Жилд ядаж  нэг удаа эрүүл мэндийн үзлэгт орох хэрэгтэй.

Манай хөдөө нутагт өвөг дээдсээс өвлөсөн сайхан хүн чанар гээгдээгүй,  нэгнээ шинэ бууринд нүүж ирэхэд гэрийг нь барилцаад өгдөг, ядарсан нэгэндээ нэг шөлний хонь барьж өгдөг, өвдөж зовсон үед нь тав арван төгрөг  цуглуулж өгдөг. Нэгдмэл сайхан чанар байна.

Цаашид залуу малчдын халааг бэлтгэх, мал аж ахуйн салбарын хойч ирээдүйд анхаарах, малчдыг төрөөс бодлогоор дэмжих нь чухал юм. Сургууль, цэцэрлэгт мал хандивлах, гэрт орж ирсэн хүнд мэндтэй,  унд устай байхыг би  зөвлөдөг.

Өвдөж зовсон нэгэнд хандив өргөж, зуд зурхан болох үед төв суурингийнхан хандив өргөж тусалдаг, аймгийн төвийн хүмүүстээ ч бас сэтгэлийн дэм үзүүлье гэж залуу малчидтайгаа ярилцдаг.

Малчид өөрсдөө малдаа эм тариа \ивомек\ дур мэдэн тарих нь буруу. Харин малын угаалганд анхаарах, өвлийн бууц ариутгах бодис хэрэглэх нь зүйтэй. Бид өөрөө ч эрүүл, өрөөл бусдыг ч эрүүл хүнсээр хангая гэж зорьдог. Малаа эрүүл байлгахын тулд Алтай, Булган сум, Баян-Өлгий аймгаас хонь авч, малын эмчтэй хамтарч зөвлөлдөөд сүргийн бүтэц сэлбэдэг. Дахин хэлэхэд, малчин бид дов жалгын мухарт тарж бутарч болохгүй. Өөрөө ч эрүүл, малаа ч эрүүл байлгахад сэтгэл, хүч, зорилгоо нэгтгэх нь чухал. Малчин хүн малаа хайрлавал аяндаа буянаа өгч өсдөг хэмээлээ.

                               

               Д.Содбилэг: Малын өтөг бууцаа сайн нөөцөлж, дулаан хэвтрийг нь бэлддэг


Алтай сумын Алтангадас багийн Аймгийн аварга малчин Д.Содбилэг хэлэхдээ: Манайх 1500 орчим малтай. Манай нутгаар наймдугаар сараас эхлэн бороо ороогүй байсан учраас өвсний сөл эрт татсан. Одоогоор том хүү минь мал дээр гарч хүн хүч нэмж байна. Хүүхдүүд сургуульд орох үед малчид хүн бүлгүйддэг. Манайх говь талдаа буюу Ёлхон, Цонж гэдэг газарт  өвөлжихдөө малаа бод, богоор ялгаж суурьшдаг. Улмаар бог малаа дагаад отроор явна. Хүүхдийн хичээлийн амралт яг хавар мал төллөлтийн үеэр байвал их зүгээр санагддаг.  

Янгирт, Хөндлөн гэх зуслангийн наагуур борлог өвстэй, Ёлхонд өвөлжөөд хашаа бууц өвсөө бэлдэж авдаг. Агь, шаваг, халгай гэх ургамал түүж хивэгтэй хольж бэлтгэн аваад болзошгүй цаг үед малдаа өгдөг. Бэлчээрийн ая даахгүй малыг тэжээдэг.

Манай суманд зам харгуй сайжирч айл саахалтаас хуц, ухна авахаа больсон. Зүүн бүсийн аймгуудаа хурдан удмын адуу, Баянхонгорын Шинэжинстийн илүү нугаламтай цагаан хуц, үхэр, тэмээ авч мал сүргийн үүлдэр угсааг сайжруулж байна.

Бас зарим малыг өөрсдийн хэрэгцээнд тулгуурлан зах зээлд борлуулдаг. Машин хүрэхгүй газар тэмээгээр нүүж отор хийдэг. Нэг талдаа 140 км зуслан, өвөлжөө сэлгэж нүүдэг. Малын хэвтэр дуулаалж, муу малыг ялган тэжээдэг. Малын саравчинд өтөг бууц нөөцөлж, цацах байдлаар дулаан хэвтэр бий болгодог гэв. 

                       

             Ц.Цэцгээ: Ямаан арьсан дах, арьсаар хийсэн хаяавчтай байхад өвлийг өнтэй сайхан давна


Манхан сум Баянгол багийн малчин Ц.Цэцгээ хэлэхдээ: Манайх Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэл гэж байх үеэс эхлэн 45 жилийн хугацаанд мал маллаж байгаа юм. Одоо хүүхдүүдийн хамт мал малладаг. Би мал аж ахуйн уламжлалт аргыг хойч үедээ өвлүүлэхийг хичээж явна. Сүү, цагаан идээ бэлтгэх ба малын гаралтай түүхий эд боловсруулан өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлж байна. Малын ноос самнах машинтай болсноор монгол гэрийн бүхий л төрлийн оосор бүч, тугалын хүзүүвч, тэмээний бурантаг,  эсгий  хийдэг.

Ямааны арьсыг элдэж боловсруулаад гэрийн хаяавч хийсэн. Ямааны арьсан савхин гөлөм, малчдад зориулж өвөл өмсөх дулаан хүрэм, цайны уут, монгол гэрийн хаяавчийг  хүртэл ямааны арьс элдэж хийсэн. Ямааны арьсан дах, ямааны арьсаар хийсэн гэрийн хаяавчтай байхад өвлийг өнтэй сайхан давах боломжтой. Миний хийсэн бүтээгдэхүүн аймаг, сумын хэмжээнд үзэсгэлэн-худалдаанд өндөр байр суурь эзэлж байгаад баяртай байдаг.  Ийнхүү хөдөлмөрлөж байж бид хойч үеийнхэнд жинхэнэ амьд үлгэр дууриалал болж чадна.

Үхрийн чанасан ясаар гар тэжээл хийж өгвөл нялх төл сайн бойждог...

Мал маллагааны арга туршлагын талаар санал бодлоо хуваалцахад,  малд хавар эрт өвс ногоо, яргуй идүүлбэл сүү сайн орно. Бас давс, ус хужраар хангана. Нялх ногоо эрт идсэн мал сэргэлэн тарга хүч сайн авдаг. Ноос ноолуур нь ч эрт хөндийрнэ. Ер нь мотоциклиор мал хариулах буруу гэж би хувьдаа боддог. Малтай техникийн хүчээр ширүүн догшин харьцвал мал айж цочно. Мал хүнээс илүү ухаантай. Мал идээшсэн газраа л байвал хэзээ ч эцэж турахгүй.

Манайх гар тэжээл бэлтгэхдээ, үхрийн болсон ясыг цэвэрлэж түлсний дараа нунтаг болгоод хужир давстай хольж өвсөө жижиглэж, нунтаглан тэжээл хийж өгдөг. Үхрийн яс ядарсан малд тэжээл болж өгдөг. Нялх төлд их элч энерги өгдөг. Бэлтгэсэн тэжээлээ хаварт малд өгдөг. Хавар гар тэжээл идсэн мал хурдан тэнхэрч, хурга ишиг амархан бойждог  хэмээн ярьж байсан юм. 

                  М.Ганзориг: Зун, намар малдаа сайн тарга хүч авахуулбал өвлийг өнтэй давна

Мөст сумын Хужирт багийн малчин М.Ганзориг хэлэхдээ: Би 10 гаруй жил мал маллаж байна. Манайх уулын баг. Энэ зун алаг цоог өвс ургамалтай байсан. Өнгөрсөн өвөл зэргэлдээ Алтай, Үенч сумын нутгаар отор хийж онд орсон.

Зун, намар Бургас, Бодонч, Могойн хар гэх нутгаар хаваржиж, Урт цагаан, Бургас гэдэг газраар намарждаг. Малаа өвөл өнтэй онд оруулах гэдэг малчин хүн бүрээс ухаан шаарддаг. Би малаа отроор явж сайн тарга хүч авахуулдаг. Тарга тэвээрэг авсан мал өвөл, хаврыг даван туулах чадвартай байдаг гэж ахмадууд бидэнд захидаг байсан.

Өвлийг өнтэй давах гол бэлтгэл зун, намар малдаа тарга хүч сайн авахуулах юм. Отор нүүдэл хийхдээ хувийн бэлтгэлдээ анхаардаг. Цаг гайгүй бол манайх малаа дан бэлчээрээр маллаж онд оруулдаг гэлээ. 

Холбоотой мэдээ