СЗХ-ны дарга С.Даваасүрэн мэдээлэл хийлээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-11-05 10:27:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЗХ-ны дарга С.Даваасүрэн өнөөдөр мэдээлэл хийж албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө албан ёсоор өгч байна гэв.

Тэрээр гурван зүйлээр байр сууриа илэрхийлсэн юм. Нэгд, Монгол Улс олон улсын сааралт жагсаалтад орсон талаар хэлэхдээ, “Манай улс 2017 оны 5-р сард Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллагаас ирүүлсэн тайланд хангалтгүй үнэлгээ үзүүлж байсан. Тус үнэлгээ нь 2013-2016 онд явуулсан газар дээрх шалгалтын үнэлгээ байсан”-ыг дурдан, "тухайн чиглэлээр ажлаа эрчимжүүлж, үнэлгээг ахиулахын тулд СЗХ хүчин чармайлт гарган ажилласан" гэлээ.

Дээрх ажлын үр дүнд СЗХ-ноос хамаарах ажлыг зохих хэмжээнд хийж гүйцэтгэж, үзүүлэлтүүдээ ахиулж чадсан. Монгол Улсыг саарал жагсаалтад оруулахдаа Олон улсын байгууллагаас дөрвөн зөвлөмж өгсний нэг нь санхүүгийн бус бизнесийн үйл ажиллагаа, тэр дундаа үнэт эдлэл, үнэт чулуу, үл хөдлөх хөрөнгийн бизнес байсан юм. Ийм төрлийн зохицуулалтыг СЗХ хийдэггүй ч хянаж зохицуулах шаардлагатай болсон тул өнгөрсөн сард СЗХ-нд хуулиар хариуцуулж шилжүүлсэн. Зарим хүмүүсийн хэлж байгаа шиг 500 гаруй ББСБ, 200 гаруй ХЗХ-дын хяналт, зохицуулалт сул байснаас саарал жагсаалтад орсон зүйл огт байхгүй гэдгийг хэлж байв.


Хоёрт, “СЗХ банкнаас бусад үнэт цаас, даатгал, ББСБ, ХЗХ гэсэн 3000 орчим тусгай зөвшөөрөлтэй этгээдийн үйл ажиллагааг 20 гаруй хууль, 160 гаруй дүрэм журмаар зохицуулж ирснийг хэлээд, өнгөрсөн 30 орчим жилд банкнаас бусад санхүүгийн салбар идэвхгүй, сул хөгжилтэй байсан. Энэ зах зээлийг хөгжүүлэхийн тулд өсгөж, томруулах, олонд таниулах стратегийг сонгож ажилласан. Ингэсний үр дүн санхүүгийн зах зээлд 30 жил байгаагүй гэрэл асаж 2016 оны II улирлыг 2019 оны II улиралтай харьцуулахад санхүүгийн салбар 200 хувь өссөн” гэв.

Энэ өсөлтийн цаана иргэдийн санхүүгийн салбарт итгэх итгэл, санхүүгийн байгууллагуудын идэвх оролцоо байгаа гэв. Хөрөнгийн зах зээлд гэхэд 10 гаруй компани IPO хийж, нээлттэй ХК болсон. Даатгалын зах зээлд албан журмын болон сайн дурын даатгалын бүтээгдэхүүнүүд олноор бий болж, бүхэлдээ санхүүгийн зах зээлд оролцогчдын чадавх сайжирч, мэргэжлийн болж үйл ажиллагаа нь өргөжин тэлснийг дурдав. Эцэст нь тэрээр, СЗХ-ны даргад Монгол Улсын санхүүгийн зах зээл, түүний хөгжил гэсэн нэг л эрх ашиг, нэг л ажил хэрэг, нэг л эрхэм зорилго байсан гэв. 

Холбоотой мэдээ