МОНЦАМЭ агентлаг Ази, Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллагын Удирдах зөвлөлд сонгогдов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2019-11-08 14:26:15
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Сөүл хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж буй Ази, Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллагын Ерөнхий Ассамблейн хуралд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Тус хурлаар өнөөдөр зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, ирэх гурван жилд ажиллах дарга, удирдах зөвлөлийн гишүүн агентлагуудаа сонголоо. Ирэх гурван жилд Ази, Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллага /OANA/-ыг энэ удаагийн Ерөнхий Ассамблейн ээлжит хурлыг зохион байгуулагч БНСУ-ын мэдээллийн ЁНХАП агентлаг даргалах болсон бол Удирдах зөвлөлийн гишүүнээр AAP (Австрали), АНАДОЛУ (Турк), АЗЕРТАЖ (Азербайжан), БЕРНАМА (Малайз), BNA (Бахрейн), ИРНА (Иран), КИОДО (Япон), МОНЦАМЭ (Монгол), NNA (Ливан), VNA (Вьетнам), ТАСС (Орос), СИНЬХУА (Хятад), ЁНХАП ( БНСУ) агентлагууд сонгогдлоо.

Мөн 2022 онд болох ээлжит Ерөнхий Ассамблейн хурлыг Исламын Бүгд Найрамдах Иран улсын ИРНА агентлаг зохион байгуулахаар болсон байна.


Ази-Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллага /OANA/ нь 1961 онд ЮНЕСКО-гийн санаачилгаар байгуулагдсан, бүс нутгийн 35 орны 44 мэдээллийн агентлагийг эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм.

Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг 1981 онд OANA-д гишүүнээр элссэж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн бөгөөд 2010 онд Турк улсын Истанбул хотноо болсон Ерөнхий Ассамблейн ээлжит хурлаас анх удаа Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, 2011 онд Улаанбаатар хотноо Удирдах зөвлөлийн хурлыг амжилттай зохион байгуулсан юм. Улмаар 2013 онд Москва хотод болсон хурлаас Удирдах зөвлөлийн гишүүн, 2016 оноос Техникийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байв.

МОНЦАМЭ агентлаг нь Ази-Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээ www.oananews.org цахим хуудсанд Монголын тухай мэдээ, мэдээллийг англи хэлээр гэрэл зураг, дуу дүрстэйгээр өдөр бүр оруулж, гишүүн орнуудтай харилцан мэдээлэл солилцож байна.



Холбоотой мэдээ