Бүртгэлтэй ажилгүй иргэдийн бүтэц

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-11-19 12:53:36

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэн 34 600 байна. Түүний 56.5 хувь нь 15-34 насныхан ажээ. Гэхдээ бүртгэлтэй ажилгүй иргэдийг хоёр ангилжээ. Эдгээр иргэдийн 21 мянга 900 нь ажилгүй, ажил хайж байгаа иргэд, харин 12 мянга 700 нь ажилтай боловч өөр ажил хайж байна гэж Үндэсний статистикийн хороо (ҮСХ) мэдээллээ. Нэг үгээр хэлбэл,  эдгээр иргэнийг ажлын сайн нөхцөл,  өндөр цалин эрж, хайж яваа гэж ойлгож болох нь. Ажил идэвх (бүртгэлтэй)-тэй  хайгч иргэдийг хөдөлмөрийн зах зээл дээр нийлүүлэлт (ажиллах хүч, ажил авагч) гэж үздэг. Тэгвэл хөдөлмөрийн байгууллагад бүртгэлтэй ажилгүй иргэдийн  50 хувь (49.6)-ийг бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй иргэд эзэлж байна. Нарийн мэргэжил эзэмшээгүй иргэд хөдөлмөрийн зах зээл дээр борлогдохгүй байна гэсэн үг. Хөдөлмөрийн зах зээл дээр борлогдохгүй байгаа дараагийн бүлэг хүмүүс дипломтой залуучууд ажээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 30 хувийг баклавр (29)- аас дээш магистр, доктор (1)-ууд эзэлдэг. Энэ бол дээд боловсролтой, тодорхой нарийн мэргэжил эзэмшээгүй залуусын  тоон үзүүлт ээ.

Хөдөлмөрийн зах зээл дээрх ажиллах хүч  хөдөлмөрийн эрэлт (үйлдвэрийн эзэн, төр, ажил олгогч)-тэй нэг шугманд огтлолцож өгөхгүй байна гэлтэй. Ажиллах хүч байгаа боловч бэлэн зарлагдсан ажлын байранд тохирохгүй байна гэж ойлгож болно.  

Ажиллах хүчийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хүсэлт (үйлдвэрийн эзэн, төр, ажил олгогч)-ийг үндэслэн шаардлагатай ажил мэргэжлээр хүний нөөц бэлтгэх, давтан сургах явдал юм билээ. Хөдөлмөрийн нийлүүлэлтийн үед захиалагч хамгийн өндөр мэргэжилтэй буюу хамгийн бага зардалтайг нь сонгодог онцлогтой. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоон үзүүлэлтээс авч үзвэл манай улс иргэдэд их, дээд сургуулиар боловсрол олгодог ч тэр нь илүүдэлтэй. Хөдөлмөрийн зах зээлд тэдний эрэлт бага нийлүүлт их байна. Эрэлтээс давсан нийлүүлэлтийг хөдөлмөрийн зах зээлд ажилгүйдэл гэж нэрлэдэг.

Манай улсын хөдөлмөрийн зах зээл дээр  дипломын боловсролтой залуучууд их байна. Гэвч өнөөдөр зах зээл биднээс нарийн мэргэжил эзэмшсэн мэргэжилтнийг шаардах юм. Энэ хүрээнд  бас нэг баримтыг ҮСХ мэдээллээс авч үзье. Бүртгэлтэй  ажил хайгчдын дунд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ) төгссөн техник, технологийн мэргэжил эзэмшсэн залуусын эзлэх хувийн жин маш бага хувийг эзэлжээ. Ийм идэвх (бүртгэлтэй)-тэй ажил хайгч иргэдийн 6.3 хувийг тэд эзэлж байна.

Гагнуур, мужаан төрөл бүрийн техник, технологийн нарийн мэргэжил эзэмших нь ажилтай, орлоготой байх гол үндэс болжээ. Эдгээр мэргэжлийг зах зээл шаардаж байгаа ч манай залуус сонгож эзэмшихгүй байгаа сул тал ажиглагдах юм. Ийм  мэргэжил ур чадвар шаардсан ажлын  цалин, хөлсийг зах зээл өөрөө тогтооно гээд төр орхидог. Гэтэл ажил олгогчид төрөөс тогтоосон Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (ХХДХ)-гээр (мэргэжил ур чадвар шаардахгүй ажилд тохируулсан) цалинжуулах хандлага давамгайлдаг. Нарийн мэргэжил шаардсан ( гагнуурчин, мужаан, техникч) ажлын ХХДХ-г тусад нь тогтоовол залуус энэ чиглэлийн мэргэжлийг сонгох эрмэлзэлтэй болно. Түүнийгээ дагаад ажилтай, орлоготой хүний тоо өсөх сайн талтай.

Хөдөлмөрийн зах зээл нь олон хүний амь зуух, орлогын эх үүсвэр, аж төрөх баталгаа нь болж өгдөг. Зах зээл дээрх мэдээлэл болон зохицуулалтыг сайжруулахын тулд тодорхой зэмсэг, хэрэгслийг  төр ашигладаг.

Төрийн хөдөлмөрийн албад нь боломж,  зах зээлийн өөрчлөлтийн талаар үнэ төлбөргүй мэдээлж байх үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу хөдөлмөрийн байгууллага ажилгүй иргэдийг бүртгэдэг, ҮСХ  дээрх мэдээллийг нэгтгэн гаргасан нь энэ биз.

Ер нь бүртгэлтэй  ажилгүй иргэдийн 5.8 хувийг суурь (9 дүгээр анги төгсөөгүй), 2.2 хувийг бага  (5 дугаар анги төгсөөгүй), 1.4 хувийг боловсролгүй (сургуульд суугаагүй) хүмүүс эзэлжээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн бүтцийг харвал ийм байна.

Энэ оны эхний арван сард хөдөлмөрийн байгууллагад бүртгэлтэй  иргэдээс 19 мянга 119 хүн ажилд зуучлагдан оржээ. 

Холбоотой мэдээ