"Жангар" судлалын хурал Бээжин хотноо болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-12-02 15:38:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хятадын “Жангар” судлалын хүрээлэнгийн 2019 оны эрдэм шинжилгээний хурал  Бээжин хотод өнгөрсөн баасан гарагт буюу 11 дүгээр сарын 29-нд  болжээ.

БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн Үндэстний утга зохиолын хүрээлэн, Хятадын “Жангар” судлалын нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан тус хуралд Бээжингийн Төвийн үндэстний их сургууль, Гансу мужийн Баруун хойдын их сургууль, ӨМӨЗО, ШУӨЗО-ны их дээд сургууль болон судалгааны байгууллагуудаас 40 гаруй эрдэмтэн оролцож 19 үндсэн илтгэл тавьсан байна.

Ойрд монголчуудын дунд үүсэж дэлхийд тархсан “Жангар” туулийг эмхэтгэх, цуглуулах, хэвлэх, судлах ажил эхлээд 200 гаруй жилийг үдэж байгаа билээ. Энэ удаагийн хуралд судлаач эрдэмтэд “Жангар” туулийн зарим гар бичмэл, тархалт, үг хэллэгийн утгыг тодруулах, туурвил зүйн онцлог, хүүрнэлийн хэв шинж, хувилбар, орчуулгыг хэлэлцсэний зэрэгцээ энэхүү түүхэн бүтээлийг хамгаалах, уламжлуулах, судалгааны дата сан хөмрөг байгуулах, урлагийн бүтээл болгон түгээн дэлгэрүүлэх талаар санал солилцсон байна. 

Холбоотой мэдээ