Энэтхэгийн Лок Сабха-гийн дарга Сумирта Махажаны айлчлал эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-04-19 09:53:03

УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан Монгол Улсад хийх албан ёсны айлчлалаа эхлүүллээ.

Тэрбээр өчигдөр орой Улаанбаатарт хүрэлцэн ирсэн бөгөөд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Д.Дэмбэрэл, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сомнат Гош болон албаны бусад хүмүүс "Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтан авсан юм.

Харин өнөөдөр хатагтай Сумитра Махажаныг Чингисийн талбайд УИХ-ын дарга З.Энхболд угтан авч, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, дурсгалын зураг татууллаа. Мөн хатагтай Сумитра Махажан Хүндэт зочдын дэвтэр гарын үсэг зурав. Үүний дараа УИХ-ын дарга З.Энхболд, Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан нар албан ёсны хэлэлцээ эхлүүллээ.

Хэлэлцээ өндөрлөсний дараа хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны протокол, парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны протоколд тус тус гарын үсэг зурах юм.

Айлчлалын хүрээнд хатагтай Сумитра Махажанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бараалхах бөгөөд УИХ-ын чуулганы танхимтай танилцах юм. Үүний дараа тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана.

Түүнчлэн Парламентын дарга нар Энэтхэг улсын Засгийн газраас Хавдар судлалын үндэсний төвд хандивласан зайн туяа эмчилгээний “Bhabhatron II” аппарат, туяа эмчилгээний төлөвлөлтийн симулятор аппаратыг ашиглалтад хүлээлгэн өгөх нээлтийн ёслолд оролцох юм байна. Энэтхэгийн парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга Улаанбаатар хотноо энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын зарим арга хэмжээнд оролцох юм.

Н.Гантуяа

Холбоотой мэдээ