Согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-12-16 11:42:07

Ховд /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баярын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан Ховд аймгийн “Жаргалант Хатанзаяа” эмэгтэйчүүдийн зөвлөлөөс зөвлөмж гаргажээ.

Тус зөвлөлөөс байгууллага, аж ахуйн нэгж, найз нөхдийн “Шинэ жил”-ийн баярын үйл ажиллагааны хүрээнд иргэд согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, улмаар осгож бэртэхээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Мөн тунадас булингартай, механик хольцтой, хямд үнэтэй архи, согтууруулах ундааг худалдан авч хэрэглэхгүй байхын зэрэгцээ хаана үйлдвэрлэсэн, чанар аюулгүй байдлын баталгаатай эсэхийг сайтар үзэж, сэжигтэй зүйл илэрсэн тохиолдолд холбогдох хууль хяналтын байгууллагад яаралтай мэдэгдэхийг хүслээ.

Мөн хэн нэгэн иргэн архи, дарс хэтрүүлэн хэрэглэсэн бол аливаа гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлж, заавал гэрт нь хүргэх, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгөөрэй гэж сануулав.

Түүнчлэн баярын үйл ажиллагаа зохион байгуулагчдын зүгээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх талаар ажилтан, алба хаагчдад урьдчилан анхааруулга, зөвлөмж өгч, зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан юм.

Мөн шинэ жилийн баярын үеэр эцэг, эхчүүд бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сулруулан, тэднийг харгалзах хүнгүйгээр гэртээ үлдээж, ахуйн хэрэглээний аюулгүй байдлыг хангаагүйгээс хүүхэд түлэгдэх, осол гэмтэлд өртөх тохиолдол байдаг. Иймд баярын өдрүүдэд хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулж, тэднийг заавал насанд хүрсэн хүний дэргэд үлдээж, осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. 

Холбоотой мэдээ