М.Цэвэлмаа Дэлхийн миссийн санхүүжилтээр төслөө хэрэгжүүлэхээр боллоо

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2019-12-16 16:47:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дэлхийн мисс 2019” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Мисс М.Цэвэлмаа 130 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөн Head to Head Challenge /Group-4/ ялагч, Мультимедиа санал асуулгаар топ 3, Авьяас номинаци топ 6, Зорилго бүхий гоо сайхан номинацийн топ 10-т шалгаран Дэлхийн шилдэг гоо бүсгүйчүүдийн нэгээр тодрон Монгол Улсын амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Тэрбээр Монголын язгуур урлагийн гурван том төлөөлөл морин хуур, хөөмий, Монгол биелгээг дэлхийн тайзнаа толилуулан, монгол ёс заншил, өв соёлоо түгээн дэлгэрүүлсэн юм. Мөн “Дэлхийн мисс” тэмцээний финалын шалгаруулалтын нээлт түүний танилцуулга видеогоор эхэлжээ.

Тэрбээр Монгол Улсын нас баралтын тэргүүлэх шалтгаан элэгний өвчлөлийн бууруулахад чиглэсэн “Эрүүл Монгол-Эрүүл Дэлхий” төслийг хэрэгжүүлсэн бөгөөд төсөл нь “Зорилго бүхий гоо сайхан” номинацийн топ 10-т шалгарснаар Дэлхийн миссийн санхүүжилтээр эх орондоо хэрэгжих боломжтой болоод байна.

Мисс М.Цэвэлмаа элэгний өвчлөлийн эсрэг, сургалт сурталчилгаа зохион байгуулахын зэрэгцээ 486 хүнийг тус өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын аянд хамруулан, элэг шилжүүлэн суулгах нэн шаардлагатай 17 настай охиныг хагалгаанд оруулж, хагалгааны дараах зардлыг хандивын аян өрнүүлэн олжээ.

Мөн өвдсөний дараа нөхөн төлбөр аваад зогсохгүй, урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдаж, эрт илрүүлэх боломжийг бүрдүүлсэн хувийн эрүүл мэндийн даатгалыг дижитал хэлбэрт шилжүүлэн, хамгийн хялбар аргаар өөрийн эрүүл мэндээ даатгуулах боломжийг бий болгосон байна.



Холбоотой мэдээ