Алдарт Карлын гүүрийг Д.Сүхбаатарын талбайд мөсөөр босгов

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2019-12-16 19:07:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн төв Д.Сүхбаатарын талбайд Чех улсын ЭСЯ-наас өнөөдөр мөсөн хотхон босгов.

Прага хотын алдарт Карлын гүүр болон Гэгээн Витусын сүмийг дүрсэлсэн мөсөн хотхоныг Монгол Улсад БНЧУ-аас суугаа Элчин сайд Ийржи Бродский нээж хэлэхдээ, “Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирж буй 2020 онд тохиож байгаа. Чех-Монголын түүхэн харилцааны ойг бид Прага хотын хоёр алдарт барилгын мөсөн хотхоноор нээж байна” гэсэн юм.



 Монгол-Чехийн 70 жилд босгосон мөсөн хотхон нийслэлчүүдийн шинэ жил дээр өнгө нэмэв


 

Тэрээр, “Монгол болон Бүгд найрамдах Чех улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн тэгш ойг бид хоёр улсын дипломат алба хоорондын үйл ажиллагаагаар хязгаарлахгүй. Монгол Улсын иргэн бүрт хоёр орны харилцааны түүхийн талаар мэдээлэл өгч өргөн хүрээнд тэмдэглэхээр бэлдэж байна” гэсэн юм.


Алтан Прага хотыг илэрхийлэх алдарт Карлын гүүр болон Гэгээн Витусын сүмийн мөсөн барилгын загварыг Монголын сийлбэрч Ц.Батмөнх гаргаж хийн, график дизайнер П.Сэргэлэн хоёр орны дипломат харилцааны 70 жилийн ойн логоны загварыг гаргаж, Монголд үйл ажиллагаа явуулж буй "Агроферт", "Хаанзаа" компаниуд ивээн тэтгэн босгожээ.

Эдгээр барилгууд нь 600-700 жилийн түүхтэй юм байна. Европын түүхт алдарт барилгуудын мөсөн хотхон ийнхүү шинэ оноо угтах монголчуудын нүдийг баясгахаар бослоо.

Түүхт барилгуудын мөсөн хотхоны нээлтэд нийслэлийн Зам, тээвэр хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, БНЧУ-ын ЭСЯ-ны ажилтнууд, Чех улсад сурч төгссөн монголчуудын төлөөлөл оролцлоо.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ