Мянгад сумынхан "Тэмээний баяр" зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-12-20 16:54:29

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мянгад сумын Чацаргант багийн нутаг, Гонгорын өвөлжин гэх газарт тус сумын уугуул, тэмээчин Лувсангийн Шагдар агсны нэрэмжит “Тэмээний баяр” өргөн дэлгэр боллоо.

Энэхүү баярыг Л.Шагдар агсны хань, үр хүүхэд, ач зээ нарын зүгээс санаачлан зохион байгуулснаараа онцлогтой. Тус тэмээний баярыг сурвалжиллаа.

Төрийн тахилгат Алтанхөхий хайрхан, Ховд голоороо овоглосон Хотгойдын Чингүнжавын үрс хойч гэх Мянгад зон олон өвлийн өнтөй цагаар тэмээн сүргээрээ цэнгэж, “Тэмээн дээрээс наран ойрхон” дуугаа дуулж баярлав. 

Тэмээчин Л.Шагдар агсан эгэл жирийн малчны замналаар замнаж, 1981 онд анх удаа тэмээ маллаж эхэлсэн аж.

Тэр цагаас хойш нутгийн тэмээчид болох Ш.Батжаргал, П.Нямдаваа, С.Ботгон нартай хамтран тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, ашиг шимийг нь сайжруулахын төлөө хөдөлмөрлөжээ. Улмаар Мянгад сумын тэмээн сүргийн тоо толгой нэмэгдэхэд чухал нөлөө үзүүлсэн гэж нутгийн иргэд ярьж байна.

Энэ удаагийн баярын үйл ажиллагаанд тэмээчин Л.Шагдартай хамтран тэмээ маллаж байсан нутгийнхан оролцож,  дурсамж сэтгэгдлээ хуваалцсан юм.

Мөн Л.Шагдартай мөр зэрэгцэн тэмээ хариулж байсан нутгийн зон олны төлөөлөлд зохион байгуулагчдын зүгээс хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр тэмээний уралдаан болов. Уралдаанд нийт 20 гаруй тором уралдсан. Үүний түрүү магнайд Мянгад сумын Чацаргант багийн малчин Н.Нямсүрэн, аман хүзүүнд тус багийн малчин Н.Мөнх-Очир,  айргийн гуравт Увс аймгийн Өлгий сумын Б.Энхбаяр, удаах байрт Чацаргант багийн тэмээчин Б.Мөнхбаатар болон Ц.Бямбадорж нарын тором тус тус шалгарав.

Харин таван нас хүрсэн хурдан тайлаг тэмээний уралдааны түрүү магнайд Увс аймгийн Өмнөговь сумын харьяат Н.Будхүү, аман хүзүүнд Ховд аймгийн Мянгад сумын Чацаргант багийн тэмээчин Н.Бямбадорж, айргийн гуравт Чацаргант багийн тэмээчин Н.Нямсүрэн, айргийн дөрөв, тавд Увс аймгийн Өмнөговь сумын тэмээчин Б.Өлзийбуян, Чацаргант багийн тэмээчин Н.Мөнх-Очирын тайлаг тус тус шалгарчээ.

Атан тэмээний уралдаанд нийт 28  атан тэмээ уралдсан. Үүнд,  түрүү магнайд Ховд аймгийн Мянгад сумын Чацаргант багын Тэмээчин Н.Бямбадорж, аман хүзүүнд тус багийн тэмээчин Б.Даваасүрэн, айргийн гуравт Увс аймгийн Өмнөговь сумын тэмээчин Н.Сугар, удаах байрт Увс аймгийн Өмнөговь сумын тэмээчин Б.Өлзийбуян, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Н.Потогын ат тус тус шалгарсан байна.

Монголчууд эрт цагаас эцэг малыг дээдэлсээр ирсэн уламжлалтай. Эцэг мал сайн угшилтай байгаагаас мал сүргийн чанар чансаа тодорхойлогдог.  Иймээс тэмээчин Лувсангийн Шагдар агсны нэрэмжит Тэмээний баярын хүрээнд “Шилмэл буур” шалгаруулах үйл ажиллагаа зохион байгуулав.

Тэргүүн байрт Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн тэмээчин Н.Мөнх-Очир, дэд байрт Ховд аймгийн Мянгад сумын Гахайт багийн малчин Н.Бүрэнбаатар, гутгаар байрт Чацаргант багийн малчин Ц.Даваасүрэнгийн буур тус тус шалгарав.

Энэ үеэр тэмээтэй сайхан хос тэмцээн боллоо. Тэргүүн байрт Ховд аймгийн Чацаргант багийн малчин Н.Ганбат, дэд байрт малчин Н.Сугар, гуравдугаар байрт малчин Г.Эрдэнэбат, тусгай байрт малчин Б.Ганбаатрын гэр бүл тус тус шалгарсан. Тэднийг тэмээгээ монгол ур ухаан, уламжлалын дагуу чимж тоноглосон, хос хувцсаар ижилссэн байдал, тэмээний зүс зэрэг олон үзүүлэлтээр шалгаруулжээ. 

Мөн эмнэг тэмээ сургах тэмцээн зохион байгууллаа. Тэргүүн байрт Шагдарын Өнөрболд, дэд байрт Мянгад сумын Гахайт багийн тэмээчин Бүрэнбаатрын Ганбаатар, гутгаар байрт Чацаргант багын тэмээчин Баярсайханы Мөнхбаатар нар шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйл гардан авав.

Харин хүчит 32 бөхийн барилдаан зохион байгуулжр Увс аймгийн Өмнөговь сумын харьяат залуу бөх Н.Гантулга түрүүлж, Мянгад сумын харьяат Сүхтулгын Гантулга үзүүрлэв. Мөн Шагдарын Өнөрболд, Н.Бямбасайхан нар шөвгөрлөө.

Энэхүү тэмцээний баяраар дамжуулан тэмээ эдлэх ёсыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж байгаагаараа давуу талтай гэж зохион байгуулагчид онцолсон юм. 

Холбоотой мэдээ