Төслийн дүнд хүүхдийн эндэгдэл буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймгийн Цэцэрлэг хотноо “Архангай аймагт эсэн мэнд амаржихуй” төслийн хаалт, “Архангай аймгийн хүн амын эрүүл мэнд хоол тэжээл” төслийн нээлтийн арга хэмжээ боллоо.
Төслийн хаалтын арга хэмжээний үеэр аймгийн Эрүүл Мэндийн Газар, Санте Сюд ТББ, тэдгээрийн хамтрагч байгууллагууд, Санофи Эспуар сан, Монакогийн Гадаад Хамтын Ажиллагааны Газраас 3 жилийн хугацаатай хэрэгжүүлсэн «Архангай аймагт эсэн мэнд амаржихуй» төслийн үр дүнг танилцуулсан юм.
“Хэдийгээр байгалийн гамшиг нүүрлэсэн хэцүү цагтай тулгарч, өргөн уудам нутагтай цөөн хүнтэй тус хязгаарт энэ төсөл хэрэгжиж жишиг болсон чадсан”-гэж Софи Робин дүгнэлээ.
Уг төслийн нийт санхүүжилтын гуравны хоёрт Монакогийн Засгийн газраас хөрөнгө оруулалт хийжээ.
Архангай аймгийн ЭМГ-ын дарга Р.Гандиймаа сурвалжлагчийн асуултанд, “Гурван жилийн хугацаанд аймгийн 17 сумын эрүүл мэндийн төвийн дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулах, шинэлэг арга барилаар хөрвөх чадвартай баг хамт олныг төлөвшүүлэн сургах, хэрэгцээтэйй тоног төхөөрөмж багажаар хангахад энэ төсөл их дэм болсон. Үүний ачаар Архангай аймагт эхийн эндэгдэлгүй, хүүхдийн нас баралт буурсан үр дүн гарсан. Манай ЭМГ 2015 оны ажлаараа улсад хоёрдугаар байрт орсон”-гэж хариуллаа.
Итгэлцэл дээр суурилсан энэхүү хамтын ажиллагааны талаар франц хэлээр хэлээр тайлбартай монгол хэлээр хадмал орчуулгатай баримтат кино бүтээснээ Санте Сюд ТББ-аас хаалтын ажиллагаанд оролцогчдод үзүүллээ. Загвар төслийг Цэцэрлэг хотын нэгдсэн эмнэлэг, Батцэнгэл болон Ихтамир сумын эрүүл мэндийн төв дээр хэрэгжүүллээ. Төслийг хэрэгжүүлснээр эмнэлэгийн ажиллагсдын ажилдаа хандах хандлагад эерэг өөрчлөлт гарч, нярайн төрөлтийн менежмент сайжирсан гэж Батцэнгэл сумын Засаг дарга Я.Батгэрэлсайхан сэтгэгдлээ хуваалцлаа.
Төсөл анх эхэлж байх үе буюу тус аймагт 2013 онд эх, нярайн өвчлөл, эндэгдлийн хувь их, нярайн төрөх үеийн эмгэг, эх-нялхсын эндэгдэл өндөр үзүүлэлттэй байсан. Иймээс зайлсхийж болохуйц өвчлөл эндэгдлийг бууруулахын тулд жирэмсний хяналт, хавсарсан өвчтэй жирэмсэн эхийг хоёр дахь шатны эмнэлэгт шилжүүлэх зохицуулалтыг улам сайжруулах, шинэ төрсөн нярайд үзүүлэх асаргаа сувилгаанд илүү анхаарал тавих шаардлагатай байлаа.
Үүний тулд эрүүл мэндийн байгууллагын бүх ажилчдын оролцоонд тулгуурлан эх, хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгон өөр өөрсдийн БХТ-өө боловсруулан ажилласан нь эмч ажилчдын ажиллах арга барил, зохион байгуулалтад зарим шинэчлэл хийж, тусламж үйлчилгээний чанар, ялангуяа эмч, туслах ажилтан багаар ажиллах чадвар сайжирсан байна. Түүнчлэн нярайн асаргаа сувилгааны техник, арга ажиллагаа, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, яаралтай тусламж, жирэмсэн эхийн сэтгэл зүйн онцлог, үзүүлэх дэмжлэг туслалцаа, нярайн өвдөлтийн менежмент зэрэг сэдвүүдээр 400 гаруй эрүүл мэндийн мэргэжилтэнг сургалтанд хамруулжээ.
Алслагдсан малчин айл өрхөд анхан шатны тусламж үзүүлэх гол хүн бол багийн бага эмч юм. Тус аймгийн 99 багийн бага эмчид тус бүр 18 нэр төрөл бүхий яаралтай тусламжийн цомог хүлээлгэн өгчээ. Мөн сумын ЭМТ, СДЭ-ийн онцлог дагуу нийт 29 нэр төрлийн нэн тэргүүний тоног төхөөрөмжөөр хангагдсан бөгөөд бүгд нярайн дулаацуулах ширээ, төрөх өрөөндөө ханын зурган халаалт суурилуулсан байна. Төслийн хүрээнд нийт 266 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмж, гарын авлага, цахим хэрэгсэл нийлүүлжээ.
Үүний зэрэгцээ бүх сумын эрүүл мэндийн төвүүд харилцаа холбооны дэвшилтэт технологи ашиглан цахим сүлжээгээр холбогдож Эрүүл мэндийн газраас гарсан тушаал шийдвэр, мэдээ мэдээлэл сумын эрүүл мэндийн төвүүдэд цахим шуудангаар хүрч, эмч ажилчдын хооронд мэдлэг туршлагаа хуваалцах боломж илүү өргөн хүрээтэй болж ирлээ.
Ийн 3 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төслийн дүнд Архангай аймгийн хүн амын нас баралт 2009-2014 онд 27,2 хувиар, хүүхдийн эндэгдэл улсын дунджаас илүү хурдацтайгаар буурчээ.
Үүний дотор 1-ээс доош насны хүүхдийн эндэгдэл 2009 онд 1 000 хүүхэд тутамд 25,9 байсан бол 2014 онд 13,3 болж 12,6-аар цөөрсөн бөгөөд улсын дундаж 2,6 байна.
БХТ боловсруулах арга зүйг 2003-2010 онд Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран хэрэгжүүлсэн 2 үе шаттай төслийн хүрээнд анхлан нэвтрүүлж байжээ.
“Архангай аймгийн хүн амын эрүүл мэнд хоол тэжээл” төслийн нээлт боллоо
Харин “Архангай аймгийн хүн амын эрүүл мэнд, хоол тэжээл”- гэсэн төслийн нээлтэнд Санте Сюд ТББ-ын хөтөлбөрийн менежер Анн Бургоикон, тус аймгийн ЭМГ-ын хоол тэжээлийн мэргэжилтэн Ш.Энэбиш, Жерес ТББ-ын орон нутгийн суурин төлөөлөгч Андрэа Вэронили, Санте Сюд Монгол төслийн газрын хөгжил хариуцсан мэргэжилтэн Л.Чанцалням, Чулуут болон Хашаат сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч- эмч Ё.Дуламсүрэн, Т.Энх-Амгалан, Жерес ТББ-ын агрономич Д.Алтантуяа нар оролцож төслийн талаар танилцууллаа.
Архангай аймгийн хүн амын дунд тохиолдох хоол тэжээлээс шалтгаалах өвчин эмгэгийг бууруулахад чиглэсэн “Эрүүл мэнд ба хоол тэжээлийн төсөл” хэрэгжүүлэхэд Монакогийн гадаад хамтын ажиллагааны газар санхүүгийн дэмжлэг үзүүлсэн аж.
27 сарын турш хэрэгжих /2016 оны 1 сарын 1-ээс 2018 оны 3 сарын 31-нийг дуустал/ уг хөтөлбөр нь хоол тэжээлээр дамжуулан Архангай аймгийн ард иргэдийн эрүүл мэндийг сайжруулахад чиглэх юм.
Хүнсний ногоо тариалах боломж нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэнд, хоол тэжээлийн чиглэлээр мэдлэг, ур чадвар сайжруулах цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар орон нутгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн тодорхой шийдэл олон үйл явц юм. Чулуут, Хашаат сумын эрүүл мэндийн төвүүдэд уг загвар төслийг хэрэгжүүлэхээр болжээ.
Архангай аймаг Л.Булган