Тэмээний баярт Ховд, Говь-Алтай аймгийн 40 гаруй малчин оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-13 16:02:10

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Манхан сумын ИТХ, Их уулсын хүрэн тэмээчдийн холбоо хамтран Тэмээний баяр зохион байгуулав.

Тэмээний баярыг Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт 28 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулснаараа онцлогтой.

Иргэдэд үндэсний хувцас, эдлэлийг хэрэглэх талаар сурталчлах, тэмээг уналга эдэлгээнд сургах, тэмээний тоног хэрэглэлийг бүрэн ашиглаж хэвшүүлэх зорилгоор энэхүү баярыг зохион байгуулжээ.  

Тэмээний баярын үйл ажиллагаанд Ховд, Говь-Алтай аймгийн 40 гаруй малчин оролцов. 

Энэ үеэр Их насны тэмээний уралдаанд Ховд, Говь-Алтай аймгийн малчдын 70 гаруй тэмээ уралдсан. Үүнд, Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багийн малчин Г.Мөнхжавын шар ат түрүүлж, Баянгол багийн малчин Н.Төртогтохын хүрэн ат аман хүзүүджээ.

Мөн айргийн гуравт Говь-Алтай аймгийн Шарга сумын малчин Н.Буджавын шар, айргийн дөрөвт Манхан сумын Тахилт багийн малчин Н..Адъяагийн шар, айргийн тавд Зэрэг гол багийн малчин Б.Дандарын хөх халзан ат  тус тус хурдаллаа.

Харин торомны уралдаанд 22 тормоос Ховд аймгийн Мянгад сумын малчин Н.Бямбадоржийн шар тором түрүүлж, Манхан сумын Баянгол багийн малчин Б.Төртогтохын тором аман хүзүүнд шалгарав.

Мөн айргийн гуравт Манхан сумын Тахилт багийн малчин Д.Доржсүрэнгийн хар, айргийн дөрөвт Баянгол багийн малчин М.Алтайгийн шар, айргийн тавд Говь-Алтай аймгийн Шарга сумын малчин Н.Мөнх-Очирын тором тус тус шалгарав.

Энэ үеэр “Тэмээний баярын жагсаал”, “Сайхан тэмээтэй хос”, “Буйл засах, бурантаг томох, ачаа ачиж буулгах тэмцээн болов.

Мөн “Сайхан монгол эр /тэмээтэй/”, “Шилмэл ат, ингэ” шалгаруулах тэмцээн, буухиа, “Тэмээний тухай хэн сайн дуулж, магтах вэ?” сэдэвт дуу болон шүлгийн уралдаан зохион байгуулсан.   

Холбоотой мэдээ