Абэ Шинзо АНЭУ-ын угсаа залгамжлах хунтайжтай уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-01-14 10:41:35

АБУ-ДАБИ. /Kyodo/. Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо, Арабын Нэгдсэн Эмират Улсын /АНЭУ/ угсаа залгамжлах хунтайж, Шейх Мухаммед бен Заид Аль Нахайян нар Ойрхи Дорнодын хурцадмал байдлыг намжаах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцжээ.


Ойрхи Дорнодын гурван оронд айлчилж буй Абэ Шинзо даваа гарагт АНЭУ-ын нийслэл Абу-Даби хотноо хүрэлцэн очжээ. Японы Ерөнхий сайд, АНЭУ-ын угсаа залгамжлах хунтайж нар нэг цаг орчим үргэлжилсэн уулзалтынхаа үеэр бүс нутагт хурцадмал байдал өсөн нэмэгдэж буйд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.


Цаашид нөхцөл байдал улам даамжрахаас зайлсхийх хэрэгтэйг Абэ Шинзо онцлоод, хурцадмал байдлыг намжаахын тулд Япон улс АНЭУ, Саудын Арабтай хамтран ажиллана хэмээн хэлжээ. Үүний хариуд угсаа залгамжлах хунтайж , АНЭУ бусад холбогдох улс оронтой хамтран дипломат хүчин чармайлт гаргах болно гэж хэлжээ.


Мөн Японы Ерөнхий сайд Өөрийгөө хамгаалах хүчний онгоцнуудыг Ойрхи Дорнодод байршуулах талаар М.Нахайянд тайлбарлажээ. "АНЭУ Ойрхи Дорнодын орны хувьд хамтран ажиллаж, дэмжих болно" гэж угсаа залгамжлах хунтайж хэлсэн байна.


Япон улс руу АНЭУ-ын иргэд визгүй зорчих боломжийг бүрдүүлэх талаар мөн Абэ Шинзо мэдэгджээ. Хоёр орны Засгийн газар Абу-Дабигаас импортлох нефтийг нэмэгдүүлэх санамж бичгийг байгуулжээ. Японы Ерөнхий сайд Оман улсын Султан Кабус бен Саид өнгөрсөн баасан гарагт нас барсантай холбогдуулан эмгэнэл илэрхийлэхээр тус улсад мягмар гарагт айлчилна. 

Холбоотой мэдээ