Риогийн олимпын бамбарыг өнөөдөр асаана

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-04-21 15:39:27

АФИН. /TASS/. 2016 оны зуны Олимпын наадмын бамбарыг асаах ёслол өнөөдөр Олимп уулан дахь Зевсийн сүмд болно. Олимпын бамбарын буухиа Бразилд тавдугаар сарын 3-нд эхэлж, Рио-де-Жанейро хотын "Маракана" цэнгэлдэх хүрээлэнд Олимпын наадам эхлэх өдөр буюу наймдугаар сарын 5-нд өртөөлөн ирнэ.

Риогийн олимпын бамбарыг асаах ёслол Грекийн Пелопоннес хойгт оршдог Олимпын сүмд болно.

Олимпын бамбарыг асаасны дараа буухайн эхний үе шат Грект эхлэх юм. 2016 оны Олимпын бамбарыг авч явах хамгийн эхний хүн бол спортын гимнастикийн дэлхийн аварга Элефтериос Петруниас юм. Зохион байгуулагчдын ярьснаар, бамбарыг хүлээн авах дараагийн хүн нь Бразилын гар бөмбөгийн алдарт тамирчин, олимпын хошой аварга Жиоване Гавио ажээ.

Грект долоо хоног үргэлжлэх олимпын бамбарын буухиад Сирийн дүрвэгсэд ч мөн адил оролцоно. Тэд Афин хотын захын дүүрэгт босгосон цагаачдын хуарангийн хажуугаар буухиалагчид өнгөрөх үед бамбарыг барьж гүйцгээх юм.

Дөрөвдүгээр сарын 27-нд бамбарыг нисэх онгоцоор Бразилын нийслэл Бразилиа хотод хүргэх бөгөөд тавдугаар сарын 3-нд тус улсын Ерөнхийлөгчийн ажлын өргөөнөөс Бразилд өртөөлөх бамбарын буухиа эхэлнэ. Бразилын Ерөнхийлөгч Дилма Руссефф Грект айлчлахаас татгалзахаас аргагүйд хүрсэнтэй холбоотойгоор олимпын бамбарыг асаах ёслолд Риогийн олимпын наадмыг зохион байгуулах комиссын тэргүүн Карлос Нузман тэргүүтэй төлөөлөгчид оролцох аж. Тус улсын парламентын доод танхим өнгөрсөн ням гарагт Руссефыг хариуцлагад татахыг дэмжсэн бөгөөд одоо түүнийг албан тушаалаас нь огцруулах эсэх асуудлыг парламентын дээд танхимаар хэлэлцэх гэж байна.

Олимпын бамбарыг 95 хоногийн турш буухиалан дамжуулах хугацаанд 20 мянган км замыг газраар, 30 мянган миль замыг агаараар туулж, Бразилын 329 суурингаар дамжин өнгөрнө.

Зуны олимпын XXXI наадам Бразилын Рио-де-Жанейро хотноо наймдугаар сарын 5-21-ны хооронд болно. Энэ нь Өмнөд Америкт зохион байгуулж буй анхны наадам юм. Паралимпын наадам есдүгээр сарын 7-нд эхэлж, 18-нд дуусна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ