Коронавирусний халдварын улмаас 41 хүн нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-25 09:50:41

МОСКВА. /TASS/. 2019-nCoV” коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны улмаас Хятадын Хубэй мужид 15 хүн нас баржээ. Энэ тухай “Agence France-Presse” агентлаг мэдээлсэн байна. Тийнхүү энэ өвчний улмаас нас барсан хүний тоо 41-д хүрээд байна.


Reuters” агентлагийн мэдээлснээр,  коронавирусээр халдварласан хүний тоо 1287 болж өссөн байна. Өмнө нь халдвар авсан хүний тоо 900 орчимд хүрсэн тухай мэдээлжээ. 


БНХАУ-ын Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн хорооны мэдээлснээр, 1 дүгээр сарын 24-ний оройны байдлаар 29 муж болон хотод коронавирусээр халдварласан 1287 тохиолдол бүртгэгдсэнээс 237 хүний биеийн байдал тун хүнд байгаа аж.


Үүнээс гадна 20 мужид шинэ төрлийн коронавирусний 1965 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Вирус БНХАУ-ын 30 бүс нутагт тархжээ.


Коронавирусээр халдварласан хүмүүстэй ойрын холбоотой байсан 13967 хүн эмнэлгийн ажиглалтан дор байна.


Коронавирусээр халдварласан тохиолдол Хонконгт 5, Макаод 2, Тайваньд 3, Тайландад 4, Японд 2, БНСУ-д 2, АНУ-д 2, Вьетнамд 3, Сингапурт 3, Непалд 1, Францад 2 бүртгэгдсэн байна. 

Холбоотой мэдээ