УЦУОШТ-өөс ирэх сарын цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-31 10:45:49

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн УЦУОШТ-өөс 2020 оны 02 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулав.

Хоёрдугаар сард ихэнх нутгаар цас орох төлөвтэй. 

Их нууруудын хотгороор: нэг болон хоёрдугаар арав хоногийн эхний хагаст шөнөдөө 24-29, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларна. Бусад хугацаанд шөнөдөө 21-26, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Алтайн өвөр говь, уулархаг нутгаар: нэг болон хоёрдугаар арав хоногийн эхний хагаст шөнөдөө 16-21, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларна. Бусад хугацаанд шөнөдөө 13-18, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

Хур тунадасын хувьд нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.                                

Салхи нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с, Алтайн уулархаг нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Цаашид цас орж зарим газраар өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй. Иймд сум орон нутгийн өвс тэжээлийн  хүрэлцээг сайтар тооцох, зөөвөрлөх, хуваарилах, иргэдийн аюулгүй байдлыг хангах зэрэг ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж Ховд аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ

Холбоотой мэдээ