Ховд хотын түүхт 335 жилийн ой энэ онд тохионо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-02-03 13:45:15

Ховд /МОНЦАМЭ/. Ховд хотын түүхт 335 жилийн ой энэ онд тохиож буй.

Тус хотыг хөгжүүлэхийн төлөө уйгагүй хөдөлмөрлөсөн эрхэм удирдлагуудын нэг бол Ж.Бямбаа юм.

Ховд хотын захиргаа 1952 онд байгуулагдаж, анхны даргаар Л.Дагвасамбуу ажиллаж байсан. Тэгвэл Ж.Бямбаа нь 1969-1987 он хүртэлх хугацаанд буюу 18 жил хотын даргаар ажилласан байна.

Түүний санал санаачилга дор Ховд хотын түүхт 200 жилийн ойгоор 24, 36 айлын орон сууц, хүнс, барааны дэлгүүр, 800 метр хатуу хучилттай зам, цахилгаан, дулааны станц бүтээн байгуулжээ.

Мөн хотынхоо ойг угтаж бүтээлч ажил өрнүүлэх замаар Ард Аюушийн хөшөө, Хөгжимт драмын театр орчимд 10 мянган кв.м талбай, “Ховд” нисэх онгоцны буудлыг холбосон 2 км зам бариулсан түүхтэй.

Тэртээ 1969 оны 03 дугаар сард Ховд аймгийн МАХН-ын хорооны товчооноос хотын соёлжилт, ариун цэвэр, эрүүл ахуйг сайжруулахын тулд цэцэрлэгжүүлэх, “Ногоон хот” болгох даалгавар өгчээ.

Ийнхүү тэрбээр Буянт голд гүүр барих санал гаргаснаар 1973 онд 2.8 сая төгрөгийн өртөг бүхий төмөр бетон гүүр ашиглалтад орж байсан.

1975 онд Ховд хотын шороо тоостой төв хэсгийг тохижуулах асуудлыг шийдвэрлэснээр “Улсын тэргүүний хот” болж, 60.0 мянган төгрөг нэгдүгээр зэргийн дипломаар анх удаа шагнагдаж байжээ.

Үүнээс гадна 1970-1974 онд 68 мянган ширхэг мөчир үржүүлж, олон наст ургамлын үрээр 15 га талбайг зүлэгжүүлсэн.

5654 метр авто, 500 метр явган хүний зам тавьсан. 1974 онд “Мөчир үржүүлгийн газар” байгуулсан. Үүний үр дүнд мод тээвэрлэх ажлын зардлыг эрс багасгаж байжээ.

Улмаар 1975 онд Ард Аюушийн нэрэмжит 10 га орчим талбайг асфальталж бетондсон. 1978 онд хотын ногоон байгууламжид нийт 82.8 мянган мод бут суулгаж, 412 мянган мөчир үржүүлсэн. Мөн  29.7 га талбайг олон наст ургамлын үрээр нэмж зүлэгжүүлсэн. Эдгээр ажлын үр дүнд Ховд хот 1981 онд “Улсын тэргүүний хот”-оор дахин шалгарч байв. Ийнхүү Ж.Бямбаа Ховд хотыг удирдах хугацаандаа хоёр удаа “Улсын тэргүүний хот”-оор шалгарахад томоохон үүрэг гүйцэтгэж байсныг нутгийн зон олон хэлж байна. 

Холбоотой мэдээ