Антарктид тивд судалгааны бааз байгуулахад дэмжин тусалсанд талархал илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2020-02-10 14:18:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Туйл судлаач Л.Дүгэржав Антарктид тивд Монгол Улс судалгааны бааз байгуулахад БОАЖЯ дэмжин тусалж, хамтран ажиллаж байгаад талархаж буйгаа илэрхийллээ.


БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн тэргүүлэх профессор, шинжлэх ухааны доктор, туйл судлаач Л.Дүгэржавын хүсэлтийн дагуу хүлээн авч уулзах үеэр илэрхийлсэн юм. 


Тэрбээр, "Анх 1959 онд Антарктидын олон улсын гэрээг үзэглэсэн учир тус тив 2059 он хүртэл хэн нэгний эзэмшил болохгүй. Одоогоор 54 орон судалгаа хийж байгаагаас 29 нь л судалгааны бааз байгуулсан. Манай улсын хувьд Ливингстон аралд судалгааны бааз байгуулж, геологийн зураглал хийн, цаг уурын автомат станц суурилуулж, зургаан хүн амьдрах орон сууц бариулж байна” хэмээв. 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, “Монгол Улс Антарктидын олон улсын гэрээнд нэгдэж судалгааны бааз байгуулсан цөөн орны тоонд багтаж байгаад баяртай байна. Антарктид тивд судалгааны бааз байгуулна гэдэг тус тивд өөрийн гэсэн газартай болж байна гэсэн үг. Тиймээс БОАЖЯ цаашид эрдэмтэд та бүхний хийж буй ажлыг дэмжин ажиллана” гэв.

Антарктид тив нь дэлхийн хуурай газрын 10 хувийг эзэлдэг,  15 сая км хавтгай дөрвөлжин газар нутагтай. Дунджаар 2400 метр зузаан мөсөөр хучигдсан, дэлхийн цэвэр усны нөөцийн 80 орчим хувийг мөс хэлбэрээр хадгалдаг. Монгол Улс Антарктидын олон улсын гэрээнд 2015 онд нэгдсэнээр судалгаа хийх эрхтэй болсон юм.

 

Холбоотой мэдээ