“Amazon” Дэлхийн гар утасны үзэсгэлэнд оролцохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-02-10 14:42:23

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын “Amazon” компани шинэ төрлийн коронавирусний халдвар тархсантай холбогдуулан дэлхийн технологийн хамгийн том үзэсгэлэнд оролцохгүй байх шийдвэрийг гаргажээ. 


Испанийн Барселона хотноо жил тутам зохион байгуулдаг Дэлхийн гар утасны үзэсгэлэн /MWC/ энэ сарын 24-27-нд болох юм. “MWC” үзэсгэлэнг урьдчилан төлөвлөсний дагуу зохион байгуулна гэж уг үзэсгэлэнг зохион байгуулагчид мэдэгдсэн байна.


Дэлхийн гар утасны үзэсгэлэнд оролцохгүй байх шийдвэрийг “Amazon”-оос гадна БНСУ-ын “LG, Шведийн “Ericsson, АНУ-ын NVIDIA” зэрэг компани гаргажээ.


Хятадад өнөө өглөөний байдлаар коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо 40171 хүрч, нийт 908 хүн нас барсан бол уг вирусний халдварын 330 гаруй тохиолдол дэлхийн 27 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдсэн байна.


Эх газрын Хятадаас гадна коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас 2 хүн /Филиппин, Хонконг/ нас барсан бөгөөд тэд хоёул Хятадын иргэн байжээ.  

Холбоотой мэдээ