МоАХ-ны анхдугаар Их хурлын илтгэл 30 жил

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2020-02-18 17:16:38

Монголын ардчилсан холбоо (МоАХ)-ны анхдугаар Их хурал 1990 оны 2 дугаар сарын 18-нд болж байсан түүхтэй. Түүнээс хойш 30 жил өнгөрчээ. Их хурал МҮЭ-ийн Соёлын төв ордонд болсон бөгөөд нээлт, улс төрийн илтгэлийг МҮОНТ-ээр шууд дамжуулаад хаасан аж. Их хурлын уур амьсгал ямар байсан талаар анхдугаар Их хурлын төлөөлөгчид илүү тодорхой олон зүйл ярина. Харин гэртээ телевиз харсан хүмүүс Д.Сосорбарамыг илтгэл уншсан гэдгийг сайн санадаг буй заа.


Ер нь МАХН-ын Их, Бага, Бүгд хурлаас өөр улс төрийн илтгэл тавьдаг хурал гэж тухайн үед байгаагүй. Монгол улс ганцхан нам (МАН/ МАХН)-ын тогтолцоотой байж бусад олон нийтийн байгууллагууд нь түүнээс бүрэн хараат байв. Ийм нөхцөлд эрх баригчдаас ангид бэлтгэсэн улс төрийн илтгэл МоАХ-ны анхдугаар Их хурлын илтгэл байсан гэж хэлж болно. Анхдугаар Их хурлын илтгэл индэрээс Д.Сосорбарамын дуу хоолойгоор олон нийтэд хүрсэн. Ийм учраас илтгэлийн талаар олон зүйл ярих нь үйл явдлыг давтсан хэрэг болно. Харин хэн, хаана хэрхэн бэлтгэж, анхдугаар Их хурлын индэрт хүргэсэн талаар зарим нэг зүйлийг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.


Ардчилсан холбоо ард түмний хөдөлгөөний хувьд бодлого, чиглэлээ тодорхойлох шаардлага (хуулийн этгээд)-тай болжээ. Ингэхийн тулд анхдугаар Их хурал (МоАХ) хуралдуулахаар тогтож хурлаар тавих илтгэл хэрэгтэй болж. Ингээд уг илтгэлийн эхийг бэлтгэх (албан бус) ажлын хэсэг байгуулсан байна. Ард нийтийн хөдөлгөөнд гар дүрсэн улс төрийн далд гар ийм шийдэлд хүрсэн нь тодорхой. Уг илтгэлийг бэлтгэгсэд ч улс төрийн далд гарын итгэлийг хүлээсэн хүн байсан  нь ойлгомжтой. Гэхдээ улс төрийн далд гар бусдад үйлдлээ илчлэхгүй байх үүднээс төрийн албан хаагчдын урсгалыг тийш нь чиглүүлсэн байх магадлалтай. Чиглүүлсэн байх гэдэг нь МоАХ-ны бодлого, үйл ажиллагааг дэмжин оролцогсдыг алхам бүрт нь хянах (үйл ажиллагааг)-гүй байгаа мэт дүр эсгэж төрийн жирийн албан хаагчдыг тэдэнтэй нийлэх урсгалыг нээсэн болов уу. Түүнээс биш ард түмний алхам бүрийг хянаж шалгадаг НАХЯ-ны хараа хяналтын гадна МоАХН-ны анхдугаар Их хурлын илтгэл бэлтгэгдэх боломжгүй байсан гэж хэлж болно.  Гэхдээ тэд мэдсэн ч мэдээгүй дүр эсгэн өнгөрсөн байх боломжтой.


Анхдугаар Их хурал (МоАХ)-ын илтгэл 1990 оны 2 дугаар сарын 17-ны өглөө 06 цагт бэлэн болсон юм байна. Илтгэлийг Э.Бат-Үүлийн гэрт хүргэх үүрэг хоёр хүнд ногдсон аж. Тэднийг очиж үүдийг нь тогшиход Д.Дорлигжав нээж өгч ”Бүгд сая ажлаа дуусаад  дуг хийж байна. Би жаахан зүйл бичих гээд үлдлээ” гэж хэлээд илтгэлийг авч үлдсэн байна.


Анхдугаар Их хурлын илтгэл бэлтгэгчдийн дунд төрд алба хашдаг мэдээлэлд ойрхон олон хүн оролцсон аж. Тэр бүхний төлөөлөл болгон М.Цэрэнгийн нэрийг энд оруулах хэрэгтэй боллоо. Тэрбээр гэртээ хариад хүйтэн усаар гар нүүрээ угааж, цайгаа уучихаад өглөө ажилдаа очсон аж. Тэр өдөр (1990 оны 2 дугаар сарын 17-ны өдөражил тарах дөхөж байтал (16 цагийн үед удирдах ажилтан нь дуудаад “Холбооны хурлын илтгэл даргын ширээн дээр байна гэнэ. Харин гайгүй илтгэл болсон бололтой гэж хүмүүс ярьж байна" гэжээ. Ийм үг сонссон Цэрэн "Байгууллагын даргын ширээн дээр байгаа хэрэг үү? " гэтэл "Үгүй, үгүй Ж.Батмөнх (МАН/МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, АИХ-ыг Тэргүүлэгчдийн дарга) даргын ширээн дээр" гэж хэлжээ. Энэ үгийг сонссон түүний дотор эвгүй оргисон ч гаднаа тайван дүр эсгэн тэдний өрөөнөөс гарсан аж. Гэвч түүнийг шалгасан, зэмлэсэн хүн гарсангүй. Ажил тарсан (18 цаг)-ы дараа илтгэл хамтран бэлтгэсэн толгойлогч дээрээ очиж, түүнээс шууд асууж чадалгүй байтал цаад хүн “Илтгэл задарсан байна гэнэ. Улаанбаатар хот (МАН/ МАХН)-ын хорооноос таньдаг хүн утсаар ярьлаа. Тарах нь зүгээр би улс төрийн илтгэлээ аваад үлдсэн” гэж хэлжээ. Ингэж л  анхдугаар Их хурлын илтгэл олон түмэнд хүрсэн учиртай юм байна.


Уг илтгэлд одоо ч анхаарлын төвд байгаа олон асуудлыг хөндсөн байна. Бага цалин (төрийн үйлчилгээний)-тай  иргэдийн цалин нэмэх, хөдөлмөрийн мөлжлөг байгаа болон тэтгэвэрийг (доод хэмжээ) 500 (төгрөгийн ханш чанга байсан сурв) төгрөг болгох талаар дэлгэрэнгүй тусгажээ. Мөн олон урьгалч үзэл (плюрализм)-ийг дэлгэрүүлэх, олон намын тогтолцоог бүрдүүлэхийг шаардаад зогсохгүй, МАН/МАХН-тай зэрэгцсэн Монголын ардчилсан нам (МоАН) байгуулсан болохыг зарлажээ. Улс төрийн шинэ нам байгуулснаар МоАХ-г удирдаж байсан улс төрийн далд гарын үүрэг оролцоо суларсан нь түүнээс хойш болж өнгөрсөн үйл явдлаас ажиглагддаг. Энэ талаар 1990 онд болсон үйл явдлаас маш тодорхой харж болно. Тэдгээр үйл явдлын 30 жилийн ой энэ онд тохионо. Тэр үеэр илүү тодоор гарч ирнэ гэдэгт найдаж байна.


Уг илтгэлийн амин сүнс нь 70 жилийн нэг намын дарангуйлал, 70 хоногийн МоАХ-ны хүний эрх, эрх чөлөөг хангахыг уриалсан хүрээнд бэлтгэсэн байна. Гэхдээ илтгэл телевиз (МҮОНТ)-ээр шууд олон нийтэд хүрсэн. Гэвч тухайн үеийн төвийн сонин хэвлэлүүд нийтлээгүй юм билээ. Харин МОНЦАМЭ агентлагийн хэсэг залуус байгууллагынхаа олшруулагч машин дээр анхдугаар хурлын илтгэлийг цөөн тоогоор хэвлэж байсан удаатай. 

Холбоотой мэдээ