Иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын түрээсийг цуцалжээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-02-22 23:49:30

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Шинэ коронавируснээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын гаргасан захирамжийг үндэслэн Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газраас орон нутгийн өмчит хуулийн этгээдийн барилга байгууламжид үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 13 сургуулийн 29 аж ахуй нэгж байгууллага, иргэдийн түрээсийн төлбөрийг 2020 оны 01 дүгээр сарын 30-наас 03 дугаар сарын 02-ныг хүртэл цуцалжээ.

Иймд хувийн хэвшлийн байгууллагууд энэхүү ажилд нэгдэн түрээслэгчиддээ тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэхийг уриалсан.

Уриалгад нэгдэж "Дархан Их дэлгүүр" түрээслэгчдийнхээ төлбөрийг бууруулжээ.

Дархан-Уул аймагт 2012 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж буй "Дархан их дэлгүүр"-ийг хариуцан ажилладаг "Гранд Як” ХХК-ийн удирдлагууд хуралдаж талбайн түрээсийн төлбөрөө хоёр болон гуравдугаар сарыг дуустал 30 хувиар бууруулах шийдвэрийг гаргасан байна.

Өөрсдийн нөөц боломждоо тааруулан нийт 108 түрээслэгчиддээ хөнгөлөлт үзүүлж байгаа аж.

Мөн бизнесийн байгууллагынханд үүсч буй хүндрэлийг хохирол багатай хамт даван гарахыг бизнес эрхлэгчдэд тус компани уриаллаа.

 

 

Холбоотой мэдээ