Европоос ирсэн хүмүүсээс шинжилгээ авч тусгаарлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-03-20 13:58:44

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д Европоос ирсэн бүх хүнээс коронавирусний шинжилгээ авч, хоёр долоо хоног өөрийгөө тусгаарлах шаардлага тавина гэж БНСУ-ын Эрүүл мэндийн яам баасан гарагт мэдээллээ.


Энэ долоо хоногийн ням гаргаас хэрэгжүүлж эхлэх шинэ арга хэмжээнүүдийг коронавирусний халдварын тохиолдол зөөвөрлөгдөн ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлэх юм. 


Үүний дагуу Европын орнуудаас ирсэн бүх хүнээс шинжилгээ авах бөгөөд Европт удаан хугацаагаар байсан хүмүүсийн хувьд шинжилгээнийхээ хариуг сөрөг гарсан тохиолдолд ч хоёр долоо хоног өөрийгөө тусгаарлах шаардлагатай байна.  


“Хэрэв тухайн хүн БНСУ-д байрлах газаргүй тохиолдолд тусгаарлах байр луу илгээнэ” гэж Эрүүл мэндийн яамны хязгаарлалтын арга хэмжээ хариуцсан төлөөлөгч Ён Тэ Хо мэдээлжээ. Мөн Европоос БНСУ-д богино хугацаагаар ирсэн хүмүүсийн биеийн байдлыг өдөр тутам утсаар лавлах ажээ.


Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд цаашид уг арга хэмжээнд АНУ болон Азийн бусад орноос ирсэн иргэдийг хамруулахаар төлөвлөж байгаа аж. Тусгаарлалтын зардлыг БНСУ-ын Засгийн газар хариуцна гэж Ён Тэ Хо мэдэгджээ.


Мөн өөрийгөө тусгаарлах дүрмийг зөрчсөн тохиолдолд аль улсын иргэн байхыг үл харгалзан Солонгосын хууль тогтоомжийн дагуу шийтгэл ногдуулах юм. БНСУ-д тусгаарлах дүрмийг зөрчсөн иргэдийг гурван сая хүртэлх воноор /2387 ам.доллар/ торгодог байна.


БНСУ-д өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш нийт 8652 хүн халдвар авсан бөгөөд тэдгээр тохиолдлын 86 нь гадаадын орноос зөөвөрлөгдөн иржээ. 

Холбоотой мэдээ