Амны хаалт зүүхийг бие биедээ шаардаж байхыг уриалав

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2020-04-09 11:25:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Урин дулаан цаг ирж байгаатай холбогдон нийслэлд хөл хөдөлгөөн ихсэж, хүүхэд багачууд гадаа тоглох, иргэд амны хаалтгүйгээр гудамжаар зорчих байдал ажиглагдаж байна.


Дэлхийн 210 оронд шинэ коронавирусний халдварын тохиолдол илэрч, “COVID-19” халдвар авсан хүний тоо 1,5 сая даваад байгаа энэ хүнд цаг үед иргэн бүр илүү хянуур байж, амны хаалтаа зүүж, Эрүүл мэндийн байгууллагын заавар, зөвлөгөөг дагаж мөрдөхийг Эрүүл мэндийн сайд дахин сануулж байна.


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: "Илүү хянуур, нямбай байхгүй бол шинэ төрлийн коронавирусний бодит аюул хэвээр байна. Цаг агаар дулаарч, гадуур хөл хөдөлгөөн ихтэй болов. Гадуур амны хаалтгүй явж байгаа иргэд их харагдаж байна. ХӨСҮТ-ийн лабораторийн эрхлэгч Б.Дармаа доктороос франц иргэнээс монгол иргэд яагаад халдвар авсангүй вэ гэж асуухад "Монголчууд бүгдээрээ амны хаалт зүүдэг болсны үр дүн гарлаа" гэж хэлсэн. Тиймээс маскнаасаа битгий салаач, гараа тогтмол угааж, олон хүнтэй газраар битгий яваач гэдгийг дахин хэлмээр байна. Амны хаалт зүүхийг бие биедээ шаардъя. Өнөөдөр маск ямар чухал вэ гэдгийг дэлхий нийтээрээ ойлгож байна” хэмээн онцоллоо.

Холбоотой мэдээ