Зорчигч тээврийн нэгтгэлийн хамт олонд амны хаалт, халуун хэмжигч хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-04-16 10:13:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын “Инлунг” компаниас лхагва гарагт /2020.04.15/ Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т 20 мянган амны хаалт /маск/,10 халуун хэмжигчийг хандивлав.


“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн дарга Г.Төмөрбаатар хандивыг гардан аваад талархал илэрхийлэв. Тэрбээр: “Бидний хөдөлмөр зүтгэлийг хүндэтгэж эрсдэлээс хамгаалах ажлыг дэмжсэнд баярлалаа. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ нийт 1178 ажилтан, албан хаагчтай. Эдгээр амны хаалтыг нийт ажилчдад түгээж өгнө” гэв.


Инлунг компани нь Улаанбаатар хотод туршилтын журмаар явж буй цахилгаан автобусыг үйлдвэрлэгч юм.


Энэ үеэр Инлунг компанийн үйлдвэрлэл хариуцсан менежер Тиан Лей: “Дэлхий нийтээр тархсан энэ аюулт өвчний үед бид хөрш орны хамтын харилцаа болон хамтран ажиллагч байгууллагын хүрээнд энэ маск, халуун хэмжигч багажийг хандивлаж байна. Нийтийн тээврийн байгууллагын ажилчид олон хүмүүстэй, эрсдэлтэй нөхцөлд ажилладаг. Иймд тэд өөрсдийгөө эрсдэлээс сайтар хамгаалах нь чухал юм” гэж хэллээ.



Тус компанийн  үйлдвэрлэсэн 10 цахилгаан автобусыг гурван сарын хугацаанд Улаанбаатар хотын авто замд амжилттай туршаад байгаа юм. Цахилгаан автобуснууд нь байгальд ээлтэй хэрэглээ төдийгүй тохь тухтай нийтийн тээвэр гэж үнэлэгдсэн.

Холбоотой мэдээ