Замын-Үүдийн боомтоор орж ирсэн иргэдээс сэжигтэй тохиолдол илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-04-17 11:52:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын-Үүдийн боомтоор өчигдөр орж ирсэн 58 хүнээс нэг иргэнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-ийн төв лаборатори руу илгээсэн тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээллээ.

Хятадын талаас шинжилгээ бүрэн хийлгэсэн хүмүүсийг нэвтрүүлсэн бөгөөд тэднийг  ажиглалтад авчээ.

ХӨСҮТ-ийн хоёр лабораторид өчигдөр нийт 373 хүнд шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй. Үүнд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 194 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 164 хүн, тандалтын зорилгоор 15 хүнд хийсэн шинжилгээ багтаж байна.

Сэлбэ, Ивээлэн, Батсүмбэр, Баянхангай, Баянбайгаль сувилалд ажиглалтад байсан 164 хүний ажиглалтын хугацаа дууссан учир хоёр удаа шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй тул гэрийн ажиглалтад шилжүүлжээ.

“2020 оны нэгдүгээр сарын 27-ноос өнөөдрийг хүртэл 1124 хүнд тандалт шинжилгээ хийсэн. Манай улс 2004 оноос хойш АНУ-ын Халдварт өвчний төвтэй хамтран томуугийн тандалтын тогтолцоог эхлүүлсэн юм. Ингэснээр Монгол орны 156 цэгээс томуугийн шинж тэмдэг бүхий хүмүүсээс хамар, залгиурын сорьц авч шинжилгээ авдаг. Энэ дагуу нийслэлийн болон дүүргийн эмнэлгүүд, төрөлжсэн эмнэлэгт эмчлүүлж буй хүмүүсийг тандаж 120 хүний сорьц цуглуулан, PCR шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй” хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тодотгов.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 243 хүн хяналтад байна.

Холбоотой мэдээ