Сумдын үл хөдлөх өв соёлоос...

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-04-20 11:29:27

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Есөнзүйл сумын нутаг, Тахилганы 1 дүгээр багийн нутаг “Хэрэмний үүд хэмээх газарт Жонон вангийн чулуун дугираг хэрэм гэж бий.

Энэ нь 17 дугаар зууны үед амьдарч байсан Халхын Жонон ван Дэмчиг гэх хүн Манжийн ноёрхлын үеийн эрийн гурван наадмын хурдан морины түрүүг авахаар угшилт хурдан хүлгийг Галшарын нутгаас авчирч, улмаар морио нууж уяхаар энэ хэрмийг бариулсан түүхтэй ажээ. Уг хэрмийг түүх, соёлын үл хөдлөх дурсгалд бүртгэн орон нутгийн хамгаалалтад авсан байна.


Нарийнтээл сумын Шаргын багийн нутаг, Гарьдын бүрд” хэмээх газарт "Мандухай хатны шивээ" гэх соёлын үл хөдлөх өв бий. Уулын өндөрлөг газарт байгалийн чулууг ашиглан цэрэг, дайны зориулалттай бэхлэлт хийж, чулуун байгууламж барьсныг ийнхүү нэрлэжээ. 1470-аад оны үед Мандухай сэцэн хатан дөрвөн Ойрадтай дайтахаар цэрэглэн явах үед энэхүү шивээг босгосон гэх ам яриа байдаг аж. Мөн түүний ойролцоо Түрэгийн үед холбогдох дөрвөлжин булш, Тамгат хөшөө зэрэг соёлын өвүүд бий.


Өлзийт сум дахь Илдэнбэйлийн хүрээний туурины дэргэдэх Сүмбэр ууланд 160 гаруй жилийн түүхтэй Талим үсэг бий. Энэ нь чулуугаар өрж, соёмбо үсгээр бичсэн тарнийн үсэг юм. Өндөр нь 42 метр, нэг үсэгний өргөн нь 28 метрээр бүтээгдсэн уг үсгийг харснаар нүдний гэм өвчинд сайн байдаг хэмээн нутгийнхан сүсэглэдэг аж.


Есөнзүйл сум дахь Далай гүний хүрээг 1806 онд 40 лам, нэг дугантай байгуулж байжээ. Тус хийдэд ХХ зууны эхэнд 501 лам хурдаг, нийт дацан арван дөрөв, жасын тоо арван долоо гэсэн мэдээлэл тэмдэглэгдэн үлдсэн байдаг. 1937 оны хэлмэгдүүлэлтийн үеэр хийдийг нурааж, лам нарыг баривчилснаар үйл ажиллагаа нь зогссон байна. Энэхүү хийдийн туурь нь уртаараа 33.11 м, өргөнөөрөө 24.8 м талбайг хамардаг аж.



Холбоотой мэдээ