Өвөрхангай аймгийн Музейн барилгыг шинээр барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-04-22 12:41:41

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн музейн барилгыг шинэчлэхээр зураг төсвийг батлуулжээ.

Энэ онд музейн барилгыг шинээр барихаар төлөвлөж, зураг төсвийн сонгон шалгаруулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрийн худалдан авах ажиллагааны цахим системд нээлттэйгээр байршуулсан ба “Балданс” ХХК шалгарч, гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн барилгын ажлын тендерийн материалыг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хүлээн авах аж.

Тус музейн барилга анх 1951 онд ашиглалтад орсон бөгөөд 1966 оноос Орон нутаг судлах музей болон өргөжсөн байна. 1995 оноос зорилго, үйл ажиллагаагаа өргөжүүлж, орон нутаг судлах төдийгөөр хязгаарлагдах биш сургалт, танин мэдэхүйн чиглэлээр орон нутаг, эх орны түүх, соёлыг дэлгэрүүлэх соёлын төв болон ажиллаж эхэлсэн юм.

2014 онд орон нутгийн 100 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар музейг засварлаж, байгаль газарзүй, ан амьтан, эртний түүх, угсаатан, сийлбэр, алдар гавьяатны, цэргийн танхимуудаас гадна бурхан шашны танхимыг шинээр байгуулж, үзмэрүүдийн тоог нэмсэн байна.

Холбоотой мэдээ