Сард нэг өрхийн 1-2 хүнд хөнгөлөлттэй эмийн жор бичнэ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-04-30 10:41:50

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Аймгийн иргэдэд олгож буй хөнгөлөлттэй эмийн асуудлын талаарх хэлэлцүүлэг энэ сарын 28-нд Алтай хотод боллоо.


Хэлэлцүүлэгт ЭМГ-ын дарга Ц.Туяа, Эмийн бодлого хариуцсан мэргэжилтэн Д.Энхжаргал болон эрүүл мэндийн даатгалын тасаг, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар, эмийн сангуудын эрхлэгчид оролцсон юм. Мөн үеэр хөнгөлөлттэй эмийн төсөв хүрэлцдэггүй, онош насанд тохироогүй эм бичдэг, эмийн сангийн эмийн нөөцийг бүрдүүлэх зэрэг тулгамдаж байгаа асуудлыг авч хэлэлцлээ. Уг хэлэлцүүлгээс дараах шийдвэрүүдийг хэрэгжүүлж ажиллахаар болсон юм. 


1. Өрхийн эрүүл мэндийн төвүүд сар бүрийн тавны өдрөөс эхлэн хөнгөлөлттэй эмийн жор олгож эхлэх;

2. Сарын эхний өдрүүдэд  өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, архаг өвчний улмаас байнга эм хэрэглэдэг зэрэг зорилтот бүлгийг хамруулах;

3. Зөвхөн тухайн эрүүл мэндийн төвд бүртгэлтэй даатгуулагчдад хөнгөлөлттэй эмийн жор олгох;

4. Өрхийн эрүүл мэндийн төв нэг өдөр хөнгөлөлттэй эмийн 60-аас ихгүй жор олгох;

5. Сард нэг өрхийн 1-2 хүнд хөнгөлөлттэй эмийн жор бичих;

6. Нэг хүнд хоёроос дээш эм бичихгүй байх;

7. Антибиотикийг жоргүй олгохгүй байх;

8. Амбулаторийн картанд заавал тэмдэглэгээ хийсэн кодоор эмийн сан эм олгох;

9. Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх сургалт сурталчилгааг эмнэлгийн мэргэжилтэн бүр хамтран хийх;

10 .Хөнгөлөлттэй эмийн санхүүжилтийг нэмэгдүүлэх талаар холбогдох байгууллагад санал хүргүүлэх зэргээр хамтран ажиллахаар шийдвэрлэсэн тухай Говь-Алтай аймгийн ЭМГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ