Нийтийн их цэвэрлэгээнд 3480 иргэн оролцон 290 тонн хог хаягдал цэвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-04-30 15:45:35

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын гэр хорооллын зургаан багт зохион байгуулсан нийтийн их цэвэрлэгээнд 3480 иргэн оролцон 290 тонн хог хаягдал цэвэрлэж, хогийн цэгт хүргэлээ.


Харин Есөнбулаг сумын ЗДТГ-аас нийтийн эзэмшлийн зам талбай, үерийн усны суваг шуудуу болон хот тойрсон эзэнгүй хог хаягдал, малын сэг зэмийг ажил хөдөлмөр эрхэлдэггүй  37 иргэнээр цэвэрлүүлсэн байна. Тэд нийт 525 га газрын 144 тонн хог хаягдлыг гурван портер машинаар 96 удаагийн тээвэрлэлт хийж төвлөрсөн хогийн цэгт асгасан байна.

Цэвэрлэгээнд оролцсон иргэдэд Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын нийтийг хамарсан ажлын санхүүжилтээр 6216.0 мянган төгрөгийн цалин олгожээ. Малын сэг зэм, машины хаягдал кабин зэрэг томоохон хог хаягдлыг ачих, барилгын хог хаягдал, овгор шороог түрж тэгшлэх ажлыг тавдугаар сарын 15-наас хийхээр төлөвлөсөн байна. 

Есөнбулаг сумын ЗДТГ-аас нийтийн эзэмшлийн зам талбай, үерийн усны суваг шуудуу, хот тойрсон ганга жалганд ил задгай хог хаягдал хаяж, орчноо бохирдуулахгүй байхыг иргэдэд анхаарууллаа.


Холбоотой мэдээ