Өндөр Гэгээний “Азарган дөш” үзмэрийг 100 төгрөгөөр худалдан авч байжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2020-05-06 11:25:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өндөр Гэгээн Занабазарын алтан шармал “Азарган дөш” хэмээх үзмэрийг Монголын Үндэсний музейн XVII-XХ зууны үеийн Монгол орон танхимд үзэгчдийн хүртээл болгон дэглэсэн байдаг. Энэхүү дөш нь ган бөгөөд дөрвөн тал болон хүрээ ирмэгийг алтан шармал хээ угалзаар чимэглэн урласан уран гоёмсог хийцтэй юм.


Дөшний дөрвөн талд дүрэлзэн асаж буй гал мэт угалзарсан алтан шармал цоолбор хээ, дээд хүрээ ирмэгт бурхан шашны шүтээн урлалд түгээмэл дүрслэгдэх хамар угалз болон бад хээтэй. Тус дөшийг Улсын музейн дэргэдэх үзмэр худалдан авах комиссын 20 дугаар тогтоолоор "1958 оны 10 дугаар сарын 15-нд Булган аймгийн Гурванбулаг сумын III дугаар багийн Равжирын Равжираас Өндөр Гэгээний “Азарган дөш” гэдэг маш сонин ган дөш нэг ширхгийг 100 төгрөгөөр худалдан авсан" хэмээн тэмдэглэсэн байна.


Өндөр гэгээн Занабазарын “Азарган дөш” үзмэр:


Материал: алт шармал, ган


Хэмжээ: Өндөр 11 см, урт 16 см, өргөн 11 см, жин 8,650 гр


Холбогдох он цаг: XVII-XVIII зуун


Монгол оронд бурхны шашин дэлгэрсэн хожуу дэлгэрэлтийн үе буюу XVII-ХХ зууны эхэн үед бурхны шашны эд хэрэглэгдэхүүн бүтээх урлал дэлгэрэн хөгжжээ. Тухайлбал, хүрэл цутгуур, баримал, сийлбэр, торгон зургийн төрлүүд юм. Тэдгээрээс хүрэл цутгуурын урлал тэргүүлэх аястай хөгжсөн нь Өндөр гэгээн Занабазартай салшгүй холбоотой. Тэрбээр уран баримал, цутгуурын урлагийн төрөлд өөрийн дэг суурийг бий болгон өвлүүлэн үлдээсэн бөгөөд түүний гайхамшигт мутрын бүтээлүүд нь эдүгээ Монголын сүм хийд, музей болон хувь цуглуулагч нарт уламжлагдан хадгалагдаж байна.


Ташрамд сонирхуулахад, Монголын Үндэсний түүхийн музей нь монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг товчлон үзүүлсэн үзвэрийн 9 танхим бүхий сан хөмрөгтөө 50000 гаруй үзмэртэй бөгөөд Монгол Улсын нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг хадгалж байдаг.

Холбоотой мэдээ