Команд штабын дадлага сургуульд Онцгой комиссын гишүүд идэвхтэй оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-05-06 18:20:52

Говь-Алтай /МОНЦАМЭ/. "COVID-19 цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт  гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургуульд Говь-Алтай аймгийн Онцгой комиссын гишүүд идэвхтэй оролцож байна.

Тавдугаар сарын 06-08-ны хооронд зохион байгуулж буй уг сургуульд тус аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбатаар ахлуулсан Онцгой комиссын бүрэлдэхүүн болох Онцгой байдал, Эрүүл мэнд, Цагдаа, Мэргэжлийн хяналтын газар, Улаан загалмайн хороо гэх мэт албан байгууллагуудын төлөөллүүд оролцож коронавирусний халдвар илэрсэн тохиолдолд нөхцөл байдлыг үнэлэх цагийн байдлын дагуу ажиллаж байна. Түүнчлэн Онцгой комиссын бүрэлдэхүүн “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв”-өөр дамжуулан Улсын онцгой комиссын Шуурхай штабтай цахимаар холбогдож, дадлага сургуульд оролцож байгаа ажээ.

Энэхүү команд штабын дадлага сургуулийг халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, гурван түвшний удирдлагыг нягтруулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох зорилгоор улсын хэмжээнд зохион байгуулж байгаа юм.


Холбоотой мэдээ