“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг цахим орчинд зохион байгуулна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-05-06 22:16:20

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тохиолдуулан Говь-Алтай аймгийн Татварын хэлтсээс  “Ковидын эсрэг хамтдаа” уриан дор 15 төрлийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.


Тухайлбал, сурагчдын дунд татварын тухай онлайн орчинд гар зураг, эсээ, тик ток бичлэгийн уралдаан явуулах, иргэд, татвар төлөгчдөд хууль, тогтоомжоо сурталчлах, телевиз, олон нийтийн цахим сүлжээгээр хичээл заах зэрэг ажлыг зохион байгуулж байна хэмээн Говь-Алтай аймгийн Татварын хэлтсээс мэдээлэв. 2019 онд татвараа цаг хугацаанд нь үнэнч шударгаар төлж, татвар төлөгчдөд төлбөрийн баримт тогтмол өгч хэвшсэн иргэн, аж ахуйн нэгжүүдийг шагнан урамшуулах ажээ.  

Говь-Алтай аймгийн Татварын хэлтэс 2019 онд орон нутгийн төсөвт 9,1 тэрбум төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөөгөө 113,5 хувиар, харин улсын төсөвт 1,6 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 1,8 тэрбум төгрөг төвлөрүүлж 109,9 хувиар төлөвлөгөөгөө давуулан биелүүллээ. Түүнчлэн татварын удирдлагын нэгдсэн системийг ашиглалтад бүрэн оруулснаар иргэд татварын 40 гаруй үйлчилгээг цахим хэлбэрээр авч, Монгол банкнаас хүлээн зөвшөөрөгдсөн төлбөрийн бүхий л хэрэгслээр татвараа төлөх боломж бүрдсэн нь хорио цээрийн үед татвар төлөгчдөө эрсдэлээс хамгаалах, мөн цаг зав, зардлыг хэмнэх чухал ач холбогдолтойг Татварын хэлтсийн дарга Н.Энхтуяа онцлон танилцуулсан юм.

Монголын татварын албанаас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үе таарч байгаа учраас 21 дэх удаагийн “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг цахим орчинд тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Холбоотой мэдээ