Төмөр замын эмч нар 4800 гаруй зорчигчид үзлэг хийжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны мэдээлж буйгаар, гадаадад буй монголчуудаас 30 иргэн коронавирусээр халдварласнаас 13 хүн эдгэрч хэвийн амьдралдаа эргэн орсон бол бусад нь гэрийн тусгаарлалтад байна.
Манай улсын хувьд коронавирусний 42 тохиолдол бүртгэгдсэнээс 14 хүн эдгэрч, ХӨСҮТ-д
28 хүн эмчлүүлж байна. Одоогоор
ажиглалтад 986 хүн байна. Ажиглалтын байранд нэг их эмч, 26 резидент эмч ажиллаж байгаа юм.
ТЗНЭ-ийн
эмч нар өчигдөр 15 чиглэлийн
галт тэргэнд 4800 гаруй зорчигчид үзлэг хийсэн байна. Мөн ЗӨСҮТ-ийн баг Бээжин-Улаанбаатар
чиглэлийн ачааны онгоцонд хоёр тонн ачаа, гурван машинд эцсийн халдваргүйтгэл
хийжээ.
Коронавирусний халдварын талаарх зөвлөгөө мэдээлэл өгдөг шуурхай 119 дугаарын утсанд өнгөрсөн 24 цагийн дотор нийт 166 дуудлага иржээ. Түүнчлэн "Шуурхай 119" аппликэйшнээр дамжуулан АНУ, Швед, ОХУ, Филиппинээс манай улсын долоон иргэн зөвлөгөө мэдээлэл авсан байна. Тус утсанд гуравдугаар сарын 10-наас хойш 28 улсаас нийт 322 монгол иргэн холбогдож уг өвчний талаар зөвлөгөө мэдээлэл авсан хэмээн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр дурдав.
Өнөөдрийн байдлаар шинэ коронавирусний халдвар дэлхийн 215 улс орон, бүс нутагт бүртгэгдээд байна. Тус өвчнөөр 4.1 сая хүн өвчилж, 283 мянган хүн нас барсан бол 1.4 сая хүн эдгэрчээ. Харин 2.4 сая хүн энэ өвчний улмаас эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд 76 мянган хүн коронавирусээр халдварлаж, 3000 гаруй хүн нас баржээ.