Өвөрхангай 7 дахь удаагаа “Шилдэг аймаг”-аар шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-05-12 12:49:06

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг 2019 оны ажлын үр дүнгээрээ улсад тэргүүлж, Шилдэг аймаг”-аар шалгарлаа.

Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагт амжилттай хэрэгжүүлж, 2019 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлсэн тул энэхүү шагналын эзэд боллоо.

Батламжийг гардан авах үеэр аймгийн Засаг дарга Г.Ганболд хэлэхдээ “Энэхүү эрхэм хүндтэй шагнал нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй 27 мянга гаруй малчин, 6 мянга гаруй тариаланч, худалдаа, үйлчилгээ, дэд бүтцийн салбарт ажиллаж буй 20 мянга гаруй ажилчид, хүн ардынхаа эрүүл энхийн манаанд хүчин зүтгэж буй 1500 гаруй эмч, ажилтнууд, ирээдүй хойч үеэ сурган хүмүүжүүлэх үүргийг нэр төртэй биелүүлж буй 2800 гаруй эрдэмтэн багш нар, иргэдийнхээ амар тайван аюулгүй байдлын төлөө цаг наргүй ажиллаж байгаа 600 гаруй мөрдөст алба хаагчид, шат шатны төрийн байгууллагад ажиллаж буй 1000 гаруй ажилтан, ахмад буурлууд, хүүхэд залуучуудын хөдөлмөр, зүтгэлийг үнэлсэн шагнал юм” гэлээ.

Өнгөрсөн жил Өвөрхангай аймагт хийсэн томоохон бүтээн байгуулалтуудаас дурдвал Арвайхээр хотын шинэ суурьшлын бүсэд 176 айлын Хаус хорооллыг байгуулсан, долоон байгууллагын гадна 6029 м/кв авто зогсоолыг тохижуулсан, 20 орчим км асфальтан замыг шинээр тавьсан, 500 гаруй айлын орон сууц барьсан, улсын төсвийн 19.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 6 сургуулийн барилгыг шинээр барьсан гэхчлэн олон ажлыг нэрлэж болно.

Орон нутгийн нийгэм, эдийн засгийн өсөлтийг хангаж, ажлын байр, үйлдвэрлэл үйлчилгээг нэмэгдүүлсэн, бүтээн байгуулалт өрнүүлсэн олон амжилтаараа Өвөрхангай аймаг ийнхүү 7 дахь удаагаа “Шилдэг аймаг”-аар шалгараад байна.

Холбоотой мэдээ