Нийслэл дэх бүх автобусны буудлыг ариутгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-05-22 12:58:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлээс хотын гудамж, талбайг ариутгаж эхэллээ. Ингэхдээ угаалгын хөөстэй цэвэрлэгээ хийж байна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн захирагчийн алба, НМХГ, Нийтийн тээвэр үйлчилгээний газраас газар дээр нь танилцууллаа.

Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Гандангийн автобусны буудал дээр ариутгал, цэвэрлэгээ хийсэн юм. 

Нийслэлийн Зам, тээвэр хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэлэхдээ, “Нийслэлд нийтийн тээврийн зогсоол бүхий автобусны 600-800 буудал байдаг. Нийтийн тээврээр нийслэлд өдөрт 600-650 мянган иргэн үйлчлүүлдэг. Автобусны буудал дээр тэр хэмжээгээр олон хүн цугладаг. Тиймээс нийслэлээс "COVID-19"-ийн халдвар гарснаас хойш Улаанбаатар хотын гудамж талбайг халдваргүйжүүлж ирлээ. Одоо автобусны бүх буудалд үндсэн цэвэрлэгээ болон ариутгалыг тогтмол хийнэ” гэв. 


Тэрээр, "COVID-19"-ийн халдвараас сэргийлж иргэдийг хүн олноор зорчдог газраар явахгүй байх, тамхины иш, нус цэрээ ил задгай хаяхгүй байхыг уриалав. "Бид хүчээ нэгтгэж байж энэ аюулт цар тахлын ард гарч чадна" гэдгийг тодотгож байв. 

Энэ удаа ийнхүү автобусны буудал, буудлын сандал, хогийн сав зэрэг байрласан нийтийн эзэмшлийн гудамж талбайг халдваргүйжүүлж, энд ариутгал халдваргүйжүүлэлт хийдэг мэргэжлийн 37 аж ахуй нэгж оролцож байна. 

Албаныхан шинэ коронавирусний халдвар намжсан ч цаашид нийслэл хотод цэвэрлэгээ, ариутгалыг тогтмол хийхэд анхаарч ажиллана гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлд Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Их сургуулийн гудамжинд байдаг 26 автобусны буудал, иргэд амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг гурван  талбайг угааж, цэвэрлээд байна.




Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ