Шинэ коронавирус мутацид орж өөрчлөгдөөгүйг тогтоожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-06-04 13:19:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ-аас “hydroxychloroquine” эмийн туршилтыг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Өмнө нь тавдугаар сарын 25-нд тус эмийн аюулгүй байдлын үнэлгээг хөндлөнгийн шинжээчдээр дахин хийлгэж дүгнэлт гарах хүртэл туршилтыг зогсоогоод байсан юм.

Лансэт сэтгүүлд энэхүү эмийг хэрэглэснээр нас барах тохиолдлыг нэмэгдүүлдэг байж магадгүй гэсэн судалгааны дүн хэвлэгдсэн. Өчигдөр “New England journal of medicine” олон улсын анагаах ухааны нэр хүндтэй сэтгүүлд уг эмийг халдвараас хамгаалах ямар нэгэн үр дүнгүй талаар нийтэлжээ. Гэр бүлийн гишүүн нь халдвар авсан, халдварын эрсдэлд өртсөн 821 хүнийг судалгаанд хамруулж дээрх эм халдвараас сэргийлэхэд үр дүнтэй эсэхийг судалсан байна. Ингэхдээ судалгаанд оролцогчдыг хяналтын хоёр бүлэгт хувааж нэг бүлэгт уг эмийг, нөгөө бүлэгт витамин C болон цайрын бэлдмэлийг хэрэглэж үзсэн байна. Туршилтаар “hydroxychloroquine” эм хэрэглэсэн хүмүүсийн 12 хувьд коронавирусний эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн бол витамин уусан хэсгийн 14 хувьд нь халдвар батлагджээ. Өөрөөр хэлбэл “hydroxychloroquine” хэрэглэсэн хүмүүст онцын ялгаа илрээгүй байна. Энэхүү бүлэгт дотор муухайрах, гэдэс гүйлгэх, суулгах зэрэг гаж нөлөө илэрч, нөгөө талаас зүрхний хэм алдагдалт илрээгүй гэж судалгааны тайланд бичжээ.


Мөн ДЭМБ-ын өчигдрийн хэвлэлийн хурлаар шинэ коронавирус мутацид орж өөрчлөгдсөн байдал илрээгүй талаар дахин мэдээлжээ. Өнөөдрийн байдлаар шинэ коронавирусний 40 000 генийн дарааллыг дэлхийн өнцөг булан бүрт анхааралтай ажиглаж судалж байгаа бөгөөд вирус генийн хувьд өөрчлөгдөөгүй гэж тодотгосон байна. 

Холбоотой мэдээ