Г.Алтангэрэл: Хөдөлмөрлөж чадсан хүнд малаас хүртэх ашиг шим маш их

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-06-09 15:40:28

Увс /МОНЦАМЭ/. Сагил сумын Өндөрмод багийн малчин, морь цоллооч Гагавын Алтангэрэлтэй ярилцлаа. Тэрбээр 2004 оноос хойш аймаг, сумын баяр наадмаар найман насны хурдан морьдын цол дуудаж, уясан эзэн, унасан хүүхэд хийгээд наадамчин олныг баясгаж ирсэн чадварлаг ардын авъяастан билээ.


-Та сайхан зусч байна уу? Мал сүрэг тань тарган тавтай юу?

-Энэ жил хур бороо элбэгтэй сайхан зун болж байна. Манайх Улаангомын ойролцоо Арсай хэмээх газарт зусч байна.

-Та морины цол хэдийнээс дуудах болсон бэ?

-Би 1974 онд Тэс суманд төрсөн, одоо 46 настай. Хамгийн анх Тэс сумынхаа баяр наадмаар хурдан морины цол дуудаж байлаа. Тэгэхэд 20 гаруйхан настай, ид залуу байлаа. Түүнээс хойш 2004 онд Сагил суманд шилжиж ирснээс хойш аймгийн баяр наадмаар найман насны хурдан морьдын цол дуудах болсон. Хурдан морины цол дуудах бол миний хобби юм даа. Нас насны хурдан морьд өөр өөрийн онцлогтой байдаг бөгөөд түүнд нь тааруулаад цоллодог. Мөн баяр наадам болсон тухайн газрын уул ус, онцлог, унасан хүүхэд, уясан эзэн гээд л бүгдийг нь морины цол дуудахдаа зохиож хэлдэг. Ер нь бол, 2004 оноос хойш аймгийн баяр наадмыг алгасахгүйгээр морь цоллож ирсэн гэхэд болно. Үүнээс гадна Сагил сумынхаа баяр наадмаар хурдан морины цол дууддаг. Малчин хүн болохоор тэр болгон сум сумын баяр наадамд оролцоод явж чаддаггүй. Хэрэг болгоод урьсан наадамд очиж морины цол дууддаг.

2011 онд манай аймгийн хэмжээнд бүх сумыг бүсчлээд ардын авъяастан шалгаруулах уралдаан болсон бөгөөд түүнд зүүн бүсийн сумдаас шалгараад төвийн бүсэд Тариалан суманд ирж оролцоод тусгай байрт шалгарч байсан. Морины цол дуудахаас гадна ерөөл, магтаал хэлдэг, бас бөхийн цол дууддаг.

-Та морь уядаг уу?

эр бүл болоогүй байхдаа аавыгаа дагаад морь уядаг байсан. Аав маань хурдан морь уядаг хүн байсан. Тэр цагаас хойш морь уяагүй олон жил болсон. Одооноос харин морь уях сонирхол төрж байгаа.

-Та хэдэн жил маллаж байна. Ингэхэд ам бүл хэдүүлээ вэ?

-Хорь гаруй жил мал маллаж байна. Эхнэр, таван хүүхдийн хамт амьдардаг. Миний ханийг Цээпэлийн Лхамжав гэдэг. Бид хоёр 1995 онд гэр бүл болсон. Эхнэр маань мал маллахын хажуугаар таван хүүхэд төрүүлж өсгөсөн. Алдар эхийн одонтой, 2015 онд МЭХ-ны Хүндэт тэмдгээр шагнуулж байсан. Мөн сүү цагаан идээгээ өөрөө боловсруулахаас гадна монгол гутал, дээл оёж худалддаг, бас арьс ширээ өөрөө элддэг ажилсаг эмэгтэй бий.

-Хүүхдүүдээс тань таны авьяасыг өвлөсөн хүн бий юу?

-Бага охин Соёл-Эрдэнэ маань миний авьяасыг өвлөсөн бөгөөд хөөмийлж, ерөөл магтаал хэлдэг. Энэ охин маань амжилт ихтэй. Аймгийн Засаг даргын нэрэмжит “Авьяас” уралдаанаас 2015, 2016 онд бүжгийн төрлөөр хошой алтан медаль хүртэж байсан. Мөн 2019 онд аймгийн биологийн олимпиадад 8-р ангид сурдаг атлаа 9-р ангийн төрөлд орж хүрэл медаль хүртэж байсан. Түүнчлэн, 2019 онд сургуулийнхаа шилдэг сурагч”-аар шалгарч байсан.

Том хүү Байгаль маань 2014 онд Улаангом политехник коллежийн гар урлалын ангийн “Шилдэг төгсөгч”-өөр шалгарч, СУИС-д уран сийлбэрч мэргэжлээр суралцаж төгссөн. Өнгөрсөн өвөл аймгийн “Цагаан сар үзэсгэлэн худалдаа”-нд гар урлалын бүтээлээр оролцож “Шилдэг баялаг бүтээгч”-ээр шалгарсан. Их охин Солонго АШУҮИС-д их эмчээр суралцаж байгаа бол дунд охин Баяраа МУИС-д бизнесийн удирдлагын чиглэлээр сурч байна. Бага хүү Отгон маань энэ жил 4-р анги төгссөн. Отгон хүү маань өнгөрсөн жил даамын тэмцээнд сургууль, сумаасаа шалгараад аймагт оролцож байсан. Бас унших, бичих чадварын аймгийн олимпиадаас 2017 онд мөнгөн медаль хүртсэн мундаг хүү бий.

-Өө яасан мундаг хүүхдүүдтэй юм бэ. Ингэхэд та морь, малынхаа суран эдлэлийг өөрөө хийдэг үү?

-Чөдөр, ногт, ташуур, аргамж гээд морь, малынхаа суран эдлэлийг өөрөө хийдэг. Манайх 2018 онд “Сумын аварга малчин болсон. Одоо бараг аймгийн аваргын болзол хангачихсан явж байгаа. Өнгөрсөн өвөл “Сумын оюунлаг гэр бүл” шагнал хүртсэн. Манайх мянга орчим толгой малтай, мал сүргээ таван төрөлд нь өсгөж байна.

Нэг үеэ бодвол малчдын амьдрал ахуй дээшилж байна. Одоогийн нийгэмд хөдөлмөрлөж чадсан хүнд малаас хүртэх ашиг шим маш их байна. Малынхаа тоо толгойд биш, чанарт нь анхаарах бодлого барьдаг. Жилдээ 200-250 бог мал, 40 орчим бод мал худалдаж, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлдөг. Өнгөрсөн жил гурван оюутан нэг зэрэг сургаж байсан бол энэ жил хоёр болсон. Малынхаа ашиг шимээр оюутнуудаа сургаж, өрх гэрийнхээ бүх хэрэгцээг хангаж ирсэн. Одоо бараг малчин хүн бүр мянган малтай болсон тул бэлчээр их хомсдож байна. Өвөлжөө, хаваржааны 3 буурьтай, жилдээ 4 нүүдэг. Малынхаа тоо толгойг мянгаас дээш гаргахгүй барих бодлого барьж байна.

-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ