800 сая жилийн өмнөх олдвор Дарханы музейд хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-06-10 10:02:58

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол орны газар нутагт олон сая жилийн өмнө амьдарч байсан амьтдыг батлах олдворууд бий. Түүний нэг нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутгаас олдсон 800 сая жилийн тэртээ амьдарч байсан “Савагт хирс”-ний толгойн яс юм. Тус олдвор нь Хонгор сумын 2-р багийн Зулзагийн голын "Хөшөөтэй толгой" гэх газраас олдсон аж.

Зулзагын гол орчимд намаржиж байсан тус багийн малчин иргэн Гомбын Батсүх "Хөшөөтэй толгой гэх газар малаа хариулж яваад палентологийн олдвор олсон талаар цагдаагийн газар, музейн захиргаанд мэдэгдсэн ажээ.

Уг олдвор нь 80 см урт, 35 см өргөн хирс хэлбэртэн (эртний хөхтөн, мөхсөн амьтан-Rhinocerotoidae) амьтны толгойн яс бөгөөд тухайн толгойн яснаас салсан 8 ширхэг шүд, 7 ширхэг ясны хэсэг болон өөр хирс хэлбэртэн амьтны дагзны ясны хэсэг гэж уг олдворын тайлбарт дурджээ.

Олдворыг газар дээр нь бэхжүүлж ,судалгаа хийн, сэргээн засварлуулсан байна. Дархан-Уул аймгийн Музейн эрдэм шинжилгээний ажилтан Б.Уранцэцэг, бүртгэл мэдээллийн санч Г.Энхбаяр, Улаанбаатар хотын Палентологийн хүрээлэнгийн мэргэжилтэн С.Өлзийцэрэн, Д.Жаргалсайхан, Хонгор сумын хэсгийн төлөөлөгч Цагдаагийн дэслэгч С.Уламбадрах нарын бүрэлдэхүүнтэй баг олдвор олдсон газарт ажиллаж байжээ.

Энэ мэт түүхийн болон Монгол оронд амьдарч байсан амьтдыг гэрчлэх олдворууд Дархан-Уул аймгийн төв Музейд хадгалагдаж байна.

Холбоотой мэдээ