Эквадорын хэд хэдэн хот галт уулын үнсэнд дарагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2020-06-10 10:53:15

КИТО. /RIA Novosti/. Андын нурууны зүүн бэлд орших Сангай хэмээх идэвхтэй галт уулаас үнс цацагдсаны улмаас Эквадорын хэд хэдэн хот үнсэнд дарагдсан тухай тус улсын  Эрсдэл, онцгой байдлын үндэсний алба мэдээлжээ.


Тус албанаас мэдээлж буйгаар, зургадугаар сарын 9-нд шилжих шөнө уг галт уулаас үнс цацагдсан байна.  Галт уулын үнс Чимборазо /төв Анд/, Гуаяс /Номхон далайн эрэг/, Лос-Риос /Эквадорын баруун нутаг/ мужуудад хүрчээ. Эквадорын хамгийн их хүн амтай хотуудын нэг болох Гуаякиль бараг бүхэлдээ үнсэнд хучигдсан байна. Тус хот уг галт уулаас 180 орчим км-ийн зайтай оршдог аж.


Амны хаалт зүүх зэргээр галт уулын үнснээс өөрийгөө хамгаалах зохих арга хэмжээ авахыг Эквадорын Эрсдэл, онцгой байдлын үндэсний алба иргэддээ уриалжээ. 


Далайн түвшнээс 5230 метрийн өндөрт орших Сангай галт уул нь 2019 оны тавдугаар сард сэржээ. Уг галт уул нь Эквадорын хамгийн идэвхтэй гал уулсын нэг бөгөөд 1628 оноос хойш байнга оргилж байгаа аж.


 


Холбоотой мэдээ