Ливаны нийслэлд жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашиглажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-06-12 11:51:53

БЕЙРУТ. /TASS/. Ливаны нийслэл Бейрут хотын төвд пүрэв гаргийн оройноос хойш үргэлжилж буй эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчдыг тараахын тулд тус улсын арми, цагдаагийн тусгай хүчнийхэн нулимс асгаруулагч хий бүхий гар бөмбөг ашиглажээ.


Жагсагчдын зарим нь цэргүүд рүү чулуу, петард шидэж эхэлсний дараа энэ тусгай аргыг ашигласан байна. Зарим газар эмх замбараагүй байдалд оролцогчид банкууд, хувийн албан байгууллагуудын цонхыг хагалжээ. Ливаны нийслэл хотоос 90 км-ийн зайтай оршдог Триполи хотод жагсагчид Ливаны Төв банкны салбар байрладаг барилга руу дайран орохыг завдаж, жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсон байна. Цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, бороохой ашиглажээ. Мөргөлдөөний үеэр наад зах нь найман хүн гэмтэж бэртсэн байна. 


Пүрэв гаргийн шөнө дунд гэхэд жагсагчид Ливаны хойд болон өмнөд нутгийн бүх гол замыг хаасан байна. Бейрутэд жагсагчид нийслэл хотын лалын шашинтнууд болон христийн шашинтнуудын хорооллыг холбодог Ринг мордмол гүүрийг хаажээ. “Бид шинэ хувьсгал эхлүүлж байна, бидний тэвчээр барагдсан” гэж оюутнуудын хөдөлгөөний удирдагчдын нэг болох Мустафа Ризк ярьсан байна. Түүний хэлж байгаагаар, эрх баригчид "нөхцөл байдлыг ямар нэгэн байдлаар засахын тулд юу ч хийхгүй байна.


Ливаны үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш огцом унасны улмаас пүрэв гаргийн орой тус улсын нийслэл болон бусад хотод эхэлсэн эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилсээр байгаа юм. Нэг ам.доллартой харьцах ливан фунтийн ханш 3900-гаас 5000 болж өсжээ. Мөнгөний ханш ийнхүү огцом унасанд жагсагчид Ливаны Төв банкны дарга Риад Салямег буруутгаад эрх баригчдаас түүнийг огцруулахыг шаардаж байна. Риад Салямегийн хувь заяаг өнөөдөр болох Засгийн газрын шуурхай хуралдаанаар шийдэх бөгөөд уг хурлын үеэр урьд өмнө байгаагүй үнийн өсөлтөөс үүдэлтэй санхүүгийн хямралыг хэлэлцэх аж.


Холбоотой мэдээ