Унгирал шатааж, гал алдахаас сэрэмжлэхийг сануулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-06-19 16:06:32

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын 101 дугаарын утсанд улиасны унгирал шатааж гал алдах шахсан гурван удаагийн дуудлага иржээ. Модны цагаан хөвөнг цэвэрлэх зорилгоор шатаах, тамхины иш, санамсаргүй болон санаатай ил гал гаргаснаас болж гал түймэр гарах аюул өндөр байгааг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Улиас мод нь тавдугаар сарын дунд үед цэцэглэж эхлэх ба эм улиасны үр нь унгирал хэмээх бүтэн биеэ тойрсон хөвөн нисгүүртэй, үр нь зургадугаар сарын сүүл, 7 дугаар сарын эхээр боловсорч унгирал нь 10-20 хоног хийсэж үрээ цацдаг байна. Унгирал нь уураглаг, хөвөн мэт сэвсгэр учир маш өндөр шатамхай шинж чанартай бөгөөд тамхины цог хаях, хүүхдүүд сонирхож шатаах зэргээс болж гал түймэр гарах аюултай байдаг аж.

 

Холбоотой мэдээ