Хил залгаа ОХУ-ын Тува, Эрхүүд халдварын өвчлөл нэмэгдсээр байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2020-06-28 12:16:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны ээлжит мэдээллээр өчигдөр 308 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусний халдвар илрээгүй байна. Дээрх тооны хүмүүст ХӨСҮТ-ийн болон Дархан-Уул аймаг дахь лабораторид шинжилгээ хийжээ. Тодруулбал: 

  • Австрали улсаас буюу Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор эх орондоо ирж тусгаарлагдаад буй 262 хүний давтан шинжилгээ,
  • Ажиглах байранд тусгаарласан 9 хүний давтан шинжилгээ,
  • ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарласан 3 хүний шинжилгээ,
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 34 жолоочийн шинжилгээнээс коронавирусний халдвар илрээгүй байна. 


ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, "Манай улсад "COVID-19"-ийн 219 тохиолдол батлагдсан. Үүнээс 175 хүн эдгэж, эмнэлгээс гарлаа. Одоогоор ХӨСҮТ-д 44 хүн эмчилгээнд байгаагаас 35-ынх нь биеийн байдал нь хөнгөн, 9 хүний биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-д 81 хүн хяналтад, 7 хүн  ажиглалтад шилжжээ. Нийт 2636 хүн ажиглалтад байгаагаас 1-5 насны 131, 54 жирэмсэн эмэгтэй, 34 архаг хууч өвчтэй хүн байна.Тусгай онгоцоор ирэх дараагийн ээлжийн иргэдээ хүлээн авах бэлтгэлээ хангаж байна гэв.


ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, "Дэлхийн хэмжээнд коронавируст цар тахлын халдварын тохиолдол 10 саяд хүрлээ. Одоогийн байдлаар 10 сая 69 мянган тохиолдол бүртгэгдэж, 500 мянган хүн нас барж, 5.4 сая эдгэрсэн. 

БНХАУ, АНУ, Энэтхэг улсын эрдэмтдийн тооцооллоор дэлхийн хүн амын таван хувь буюу 1.7 тэрбум хүн коронавирусээр өвдөж, хүндрэх магадлалтай гэж үзжээ.

Улмаар 60-аас дээш насныхан илүү хүндрэх магадлалтай байна. ОХУ, АНУ-д халдварын тархалт өндөр байна. Манай улстай хиллэдэг ОХУ-ын Тува улс болон Эрхүү мужид халдварын өвчлөл нэмэгдсээр байна" гэв.


Холбоотой мэдээ