Өсвөр насны охидод зориулсан гар утасны аппликэйшнтэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-06-30 18:29:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өсвөр насны охид нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдээлэл авах, тэмдэглэл хөтлөх, сарын тэмдгээ хянахад нь туслах зорилгоор бүтээсэн гар утасны ОКИ аппликэйшны Монгол дахь цахим нээлт боллоо.


Хэдийгээр сарын тэмдэг нь бүх охид, эмэгтэйчүүдэд ирдэг, энгийн жам ёсны зүйл боловч дэлхий дээрх хамгийн хаалттай сэдвийн нэг байсаар ирсэн. Иймээс сарын тэмдгийн талаар мэдлэг мэдээлэл дутах, ичиж зовох, айж сандрах, хямрах явдал охидод элбэг тохиолддог. Харин тус аппликэйшн нь өсвөр насны охидод сарын тэмдгийн талаар үнэн зөв мэдээлэл олгох, буруу ташаа сөрөг ойлголтыг няцаах, сарын тэмдгээс болж ичиж зовох таагүй мэдрэмжүүдийг арилгах, өөртөө итгэлтэй болоход нь туслах зорилготой.


НҮБ-ын Хүүхдийн сангаас охидод зориулан, охидтой хамтран зохион бүтээсэн тус аппликэйшныг боловсруулахад Монгол, Индонез улсын 400 гаруй өсвөр насны охид хувь нэмрээ оруулж, санаа бодол, туршлагаасаа хуваалцсан нь охидын сонирхолд нийцсэн, тэдний өвөрмөц эрэлт хэрэгцээг хангасан сонирхолтой, өнгөлөг аппликэйшн болгосон байна. Мөн өсвөр насны охидод зориулсан монгол хэлээрх энэ төрлийн анхны аппликэйшн гэдгээрээ онцлогтой юм.


ОКИ аппликэйшныг Монголын өсвөр насныхан дунд нэвтрүүлэх, байнгын хэрэглээ болгох чиглэлээр Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, WASH Action Монгол ТББ, Монгол контент компани зэрэг байгууллага хамтран ажиллаж байна.


Эдгээр байгууллагын төлөөлөл цахим нээлтэд оролцож, ОКИ аппликэйшныг танилцуулсны зэрэгцээ Монгол орны өнцөг булан бүрт амьдран суугаа ОКИ аппликэйшны анхны хэрэглэгчдийн төлөөлөл болж Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгийн өсвөр насны охид сэтгэгдлээ хуваалцсан юм. Охид ОКИ аппликэйшн их таалагдсан талаар, тэдний дотны найз, үнэнч зөвлөгч хэдийн болсон талаар сэтгэгдлээ хуваалцаж байлаа. Мөн нээлтийн үеэр Индонез охид монгол найзууддаа цахим мэндчилгээ илгээснийг дамжуулсан юм. 


Цахим нээлтийг НҮБ-ын Хүүхдийн сан, Нийслэлийн ГБХЗХГ-ын Фэйсбүүк хуудас  www.gogo.mn www.yolo.mn www.namuu.mn сайтуудаар https://www.facebook.com/unicefmongolia/videos/2968767389826127/?t=4088 линкээр үзэх боломжтой. Татаж авах холбоос http://onelink.to/okymongolia

 

Холбоотой мэдээ