Ж.Байден сонгуулийн цуглаан зохион байгуулахгүй

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-07-01 15:20:41

ВАШИНГТОН. /BBC/. Шинэ коронавирусний цар тахал дэгдсэн энэ үед ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын цуглаан зохион байгуулахгүй гэж АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Жо Байден мэдэгджээ.


“Орчин үеийн түүхэн дэх хамгийн ер бусын кампанит ажил энэ болно” гэж Ж.Байден мягмар гарагт Делавер муж улсад болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.


Өнгөрсөн зургадугаар сард Оклахома муж улсын Талса хотноо болсон түүний өрсөлдөгч, Ерөнхийлөгч Дональд Трампын цуглаанд тооцоолж байснаас цөөн хүн оролцсон бөгөөд тэрбээр уг үйл явдлаас хойш цуглаан товлоогүй юм.


АНУ-д ирэх 11 дүгээр сарын 3-нд ерөнхийлөгчийн сонгууль болно. Одоогоор явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд, Ж.Байден Д.Трампыг ойролцоогоор хоёр оронтой саналаар тэргүүлж байгаа ажээ.


"Би зөвхөн өөрийнхөө төлөө бус улс орныхоо төлөө эмч нарын зааврыг дагаж, цуглаан зохион байгуулахгүй” гэж Ж.Байден сэтгүүлчдэд мэдээлжээ. Барак Обамаг Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байх үед дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан тэрбээр коронавирусний шинжилгээ хараахан өгөөгүй талаараа мөн ярьсан байна.


Ж.Байден цар тахал дэгдсэнтэй холбогдуулан олны өмнө гарахаа багасгаж, гэрээсээ ярилцлага өгч байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор Д.Трамп түүнийг “нуугдсан Байден” гэж нэрлэхэд хүрчээ. Дэд Ерөнхийлөгч асан хэвлэлийн бага хурлын үеэр мөн Д.Трампын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг шүүмжилжээ. 

Холбоотой мэдээ