Коронавируст халдвар 6 хоногт нэг сая тохиолдлоор нэмэгдэж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-07-04 12:33:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “COVID-19” халдвараар гурван сарын хугацаанд нэг сая хүн өвддөг байсан бол одоогийн байдлаар 6 хоногийн хугацаанд нэг сая тохиолдол нэмэгдэж байгааг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв.  

Мөн тэрбээр, Хүн бүр чадах зүйлээ хийж, шинэ дадлыг хэвшүүлэх хэрэгтэй. Амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гараа угаах, биеийн тамираар хичээллэх зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх  арга дадлыг хэвшүүлэх нь зүйтэй. Ялангуяа худал мэдээлэл тараахгүй, албан ёсны эх сурвалжаас мэдээ мэдээлэл авч, нэг нэгнээ айлгахгүй байх нь чухал” гэдгийг онцлов.


Шинэ төрлийн коронавирусний халдвар дэлхийн 216 улс орон, бүс нутагт бүртгэгдсэнээс 11 сая 161 мянган хүн өвчилж, 521 мянган хүн энджээ. Харин 6.2 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 4 сая хүн эмчлүүлж байна.


Сүүлийн 24 цагийн дотор дэлхий дахинд короновирусээр 195 мянган хүн халдварлаж 4 мянга гаруй хүн энджээ.

Манай орны хувьд  66 хүн ажиглалтаас гарч, 2661 хүн ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 88 хүн эмчлүүлж байгаагаас 3 хүн эрчимт эмчилгээний тасагт байна. ЗӨСҮТ-ийн явуулын лабаротори Замын Үүд боомтод 67 хүнд шинжилгээ хийжээ. Мөн орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд 16 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж, 6000 гаруй хүнд тандалт, судалгаа явуулахад халдвар илрээгүй байна.

 

И.Даваадорж 

Холбоотой мэдээ