ДЭМБ: Эдийн засгаа сэргээх чухал ч хөл хорионы дэглэмийг сулруулж болохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-07-07 12:24:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс орнууд эдийн засгаа сэргээх шаардлагатай байгаа ч цаг үеэ олоогүй шийдвэр гаргавал өвчлөл дахин нэмэгдэж, олон мянган хүний амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулах аюултай гэдгийг ДЭМБ-аас онцгойлон анхааруулжээ.

Тухайлбал, АНУ-ын хамгийн их оршин суугчтай Виктория, Нью Саут Вэльс мужид өвчлөл дахин нэмэгдсэнээр хатуу хөл хорионы дэглэмийг эргүүлэн сэргээсэн байна.

ЭМЯ-ны мэдээлснээр, өнөөдрийн байдлаар шинэ коронавирусний халдвар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 11 сая 692 мянган хүн өвчилж, 539 мянган хүн энджээ. Одоогоор 6.6 сая хүн эдгэрсэн бол 5 сая хүн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагийн байдлаар 130 хүн шинээр халдварлаж, 3 000 гаруй хүн нас баржээ. Өвчлөлийн тоогоор дэлхийд эхний 3-т багтаж байгаа АНУ-д халдвар 44 мянга, Бразилд 20 мянга, Энэтхэгт 24 мянгаар нэмэгджээ. Ялангуяа Энэтхэгт сүүлийн 2 сарын турш өвчлөл эрс нэмэгдэж байгаагаас эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдох болжээ. Тус улсын зэвсэгт хүчин, хил хамгаалах алба,  халдвар туссан хүмүүсийг тусгаарлах, эмчлэх төвийг нээж эхэлсэн байна.

АНУ, Австрали, Шинэ Зеланд, Иран, Ирак, Саудын Араб зэрэг улс оронд өвчлөл огцом нэмэгдэж байгаа нь хөл хориог үе шатгүй сулруулснаас өвчлөлийн 2 дахь давалгаа үүсгэх нөхцөлийг бүрдүүлж байгаа аж. Тиймээс үүссэн нөхцөл байдалд тулгуурлаж хөл хориог сулруулахыг тухайн улс орнуудын халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтнүүд санал нэгтэй зөвлөж байна.

ОХУ-д өчигдөр 6611 хүн шинээр өвчилж, 135 хүн энджээ. Буриад, Тува, Читад 41-75 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Тувад 75 хүн шинээр өвчилж, нийт тохиолдол 5083 болжээ. Харин Буриадад 41 хүн шинээр өвчилж нийт 3144 тохиолдол бүртгэгджээ. Читад 41 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт өвчлөлийн тоо 3 399 болжээ.

ЭМЯ-ны шуурхай 119 дугаарт Австрали, Швед улсаас манай улсын хоёр иргэн утасдаж коронавирусний эмнэлзүйн шинж тэмдгийн талаар зөвлөгөө авчээ. Мөн 119 тоот утсанд 130 дуудлага ирж, зөвлөгөө мэдээлэл авсан байна.

Түүнчлэн хувь хүн, ААН байгууллагын  анхаарал болгоомж суларч, амны хаалт зүүхгүй байна гэсэн шүүмжлэл иргэдээс ЭМЯ-нд ирүүлжээ. 

Холбоотой мэдээ