Төв цэвэрлэх байгууламжийн 10 ажилтанд орон сууцны батламж гардуулав

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-07-08 17:04:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй алба хаагчдад түрээслээд өмчлөх орон сууцаар хангаж байгаа. Энэ хүрээнд эрсдэлтэй нөхцөлд ажилладаг Ус сувгийн удирдах газрын урьдчилан цэвэрлэх байгууламжийн 10 ажилтанд өнөөдөр орон сууцны батламж гардууллаа.


Батламжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан, “НОСК” ХХК-ийн захирал Б.Сүхбаатар нар гардуулан өглөө.


Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, “Дэлхий даяар дэгдэж буй цар тахлаас гадна Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй байдлыг хангахын төлөө өөрийн эрүүл мэндээ үл хайхран ажиллаж буй ажилтан, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд НЗДТГ, нийслэлийн Захирагчийн Ажлын алба, Ус сувгийн удирдах газар дуу нэгтэйгээр дэмжиж ажилласан. Тарж болохуйц аюулыг цэвэрлэж буй цэвэрлэх байгууламжийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр Улсын Онцгой комисст санал тавьсны дүнд орон сууцны батламж гардуулж байна” хэмээв.


Хортой нөхцөлд ажилладаг ажилтнуудын орчин нөхцөлийг сайжруулахаар 250 мянган шоо метр багтаамж бүхий бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Энэ ажилд анхаарч ажиллаж буй Ус сувгийн удирдах газрын нийт ажилтан, алба хаагчдад талархаж байгаагаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэллээ.


Ус сувгийн удирдах газрын урьдчилан цэвэрлэх байгууламжийн ажилтан Б.Оюунбаатар “Залуучуудаа дэмжин, бидний нийгмийн асуудлыг анхааран шийдвэрлэж байгаад баяртай байна” гэсэн юм.

Ус сувгийн удирдах газрын урьдчилан цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийн засварчин Т.Энхбаатар “Би байгууллагадаа зургаа дахь жилдээ ажиллаж байна. Миний хувьд түрээслээд өмчлөх орон сууцаар хангаж байгаад баяртай байна. Ус сувгийн удирдах газар болон НЗДТГ-ын нийт хамт олонд талархснаа илэрхийлье” гэлээ.

Холбоотой мэдээ