Их Британи 60 сая тун вакцин захиалжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2020-07-29 16:06:10

МОСКВА. /TASS/. Францын “Sanofi” эм судлалын компани, Их Британийн “GSK” компанитай хамтран гарган авах коронавирусний вакцинаас 60 сая туныг нийлүүлэх тухай хэлэлцээрт Их Британи гарын үсэг зуржээ.


Ирэх оны зун гэхэд юун түрүүнд коронавирусний халдвартай тэмцэж буй эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарын ажилтнуудаас гадна архаг өвчтэй иргэдийг вакцинд хамруулж магадгүй байна.


“Иргэдээ хамгаалж, амь насыг нь аврах илүү үр дүнтэй аргыг олохын тулд “GSK”, “Sanofi зэрэг компанийн гарган авах олон төрлийн вакциныг аль болох хурдан олж авах нь тун чухал юм хэмээн Их Британийн бизнес, эрчим хүч, аж үйлдвэрийн стратегийн асуудал эрхэлсэн сайд Алок Шарма мэдэгджээ.


GSK”, “Sanofi” компани генийн хослолыг үүсгэх технологи дээр тулгуурлан гарган авах вакциныхаа эмнэлзүйн туршилтуудыг ирэх 9 дүгээр сард эхлүүлж, 2021 оны эхний хагас жилд худалдаанд гаргахаар төлөвлөж байна. Энэхүү вакцин нь үр дүнтэй, найдвартай байх бөгөөд их хэмжээгээр үйлдвэрлэгдэнэ гэдэгт итгэлтэй буйгаа Францын “Sanofi” компани мэдэгджээ. Туршилт амжилттай болвол жилд 1 тэрбум хүртэлх тун вакциныг үйлдвэрлэж магадгүй аж.

Холбоотой мэдээ